Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан Н.Лхагвасүрэн нарыг төрийн мөнгөнд гар дүрж, хувьдаа завшсан хэргээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, цагаан захтнууд эрх мэдлээ ашиглаж, хуулийг гууль болгон нэр бүхий дөрвөн компани руу 8.7 тэрбум төгрөг шилжүүлж, өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар халаасалсан асуудлыг шалгаж байгаа аж.
Одоогийн байдлаар тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ.
Энд нэг зүйлийг тодруулахад тус газрын дарга Б.Галхүү нь Авлигатай тэмцэх газарт хавтаст хэрэг нээлгээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Тэрбээр 2022 оноос хойш хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр зорчих эрхээ хүртэл хязгаарлуулж байсан. Гэхдээ тухайн үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард ажилчдаа дагуулан урд хөршөөр аяалж, ямартай ч хилийн дээс алхаж чадсан жаатай эр гэж байгаа. Бас болоогүй төрийн албаны энэхүү зугаа цэнгээнд ойролцоогоор 550 гаруй сая төгрөг зарцуулсан талаарх мэдээлэл чих дэлсэж байв.
Түүнчлэн 2024 оны наймдугаар сарын 6-наас тус оны арваннэгдүгээр сар хүртэл Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Баяндөхөм (Гүнжийн хоолойн) гэдэг газар авто замын ажил хийгдсэн. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханы цахим хуудаснаа тодруулсан нь бий. Гэтэл тухайн оны долдугаар сарын 5-нд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тухайн байгууллага руу дөрвөн гүйлгээ хийгдсэн байдаг. Эл ажлыг төсөвт байгууллага өөрсдөө хийгээгүй бөгөөд “Херорөүд” ХХК-иар гүйцэтгүүлж, тэрхүү компанид Б.Галхүүгийн ойрын хүмүүс орж ажилласан нь анхаарал татдаг. Мөн 950 сая төгрөгөөр Яармагийн зам дээр тавьсан төмөр хашлагыг гүйцэтгэгч гэдгээр нь “Ундрах эхлэл” ХХК нөгөөх “Херорөүдт” компанитай хамааралтай гээд аалзны тор шиг ар өврийн олон асуудал эл байгууллагад хаяглаастай…
Ямартай ч төрийн албыг хүссэнээрээ “хөдөлгөж” цөлмөж чаддаг албан хаагч нэрээр буртагаа нуусан дарга сэтэртнүүд эхнээсээ илчлэгдэж, хуулийн өмнө хариуцлагаа хүлээх үлдэж байх шив.
2026-05-8
2026-05-8
2026-05-7
2026-05-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.