“Сумын хөгжлийн гарц” уралдааны дүн гарлаа

2017-06-21 Мэдээ, мэдээлэл

Эх орны өнцөг булан бүрт төрөлх сумандаа ажиллаж амьдарч буй иргэдийн оюуны бүтээл, шинэлэг санаа шийдлийг үнэлж, урамшуулах, тэдний оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор “Сум мэдээллийн сүлжээ” агентлаг www.sum.mn сайтаас зохион байгуулсан “Сумын хөгжлийн гарц” сэдэвт сэдэмж /эсээ/ бичих уралдааны дүн гарсан байна.

Энэхүү уралдааныг 21 аймгийн 330 сумын дунд албан ёсоор зарласан бөгөөд нийт сумын 10 хүрэхгүй хувь буюу 28 сум бүтээл ирүүлж оролцжээ.

Эдгээрээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн захирал Д.Ганхуягийн бичсэн боловсролын системийг бүх талын оролцоотой сайжруулах замаар сум орон нутаг, цаашлаад улс орны хөгжлийг түүчээлэх агуулга бүхий  “Ухаанаараа хөгжсөн Уулчууд” сэдэмж Тэргүүн байр эзэлж, нэг сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Мөн шагналт байрт:

Шүүгчид уралдааныг дүгнэхдээ ирүүлсэн бүтээлийн техник болон агуулгын шалгуур, олон нийтийн үнэлгээ, бичигчийн бүтээлч хандлага, ашигласан тоо баримтын бодит байдал, тухайн сэдвийн амьдралд хэрэгжих боломж зэргийг харгалзан зохих оноо өгсөн аж.

Сум мэдээллийн сүлжээ www.sum.mn сайтын гүйцэтгэх захирал Ч.Дашдэлэг “Энэ бол зүгээр нэг сэдэмжийн уралдаан биш. Бид сумдын хөгжлийн гарцыг бодит байдалд тулгуурлан олон ургальч үзлээр оновчтой тодорхойлж, төр засгийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, сумдад тулгарч буй нийгэм-эдийн засгийн асуудлуудыг иргэдийн оролцоо, мэдээлэл, санаачилгад тулгуурлан шийдвэрлэх арга замыг олох зэрэг олон чухал зорилго агуулж энэ уралдааныг зохион байгуулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дэмжиж, бүх аймаг, сумын Засаг дарга нарт албан ёсоор уриалсан ч оролцоо хангалтгүй байлаа. Гэхдээ цаашид сумдын идэвх хариуцлага нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.

“Сум мэдээллийн сүлжээ” редакци энэ мэт сонирхолтой, үр өгөөжтэй уралдааныг тогтмол зарлах юм байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.