Хөгжлийн банкны өнөөдрийн сонсголд Ц.Элбэгдорж ирсэнгүй, харин С.Баярцогт гэрчээр оролцож байна

2023-03-13 Мэдээ мэдээлэл

 

Гурав дахь шатны сонсгол өнөөдөр (2023.03.13) Төрийн ордонд эхэлж, таван өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байна.

Өнөөдрийн сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсох юм.

Дашрамд дуулгахад, “Асем вилла” цогцолбор хотхоны төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд уг асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан ч ирээгүй. Учир нь тэрбээр Оксфордын их сургуульд зочин илтгэгчээр оролцож байгаа тул сонсголд биеэр оролцох боломжгүй, цахимаар оролцох боломжтой гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Харин тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав.

Тэрбээр “Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.

Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан.

2015 оны наймдугаар сарын 28-ны 241 дугаар Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар Ази, Европын 11 дэх дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан. Мөн хувийн хэвшилд тулгуурлаж хийсэн нь харагдсан.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн Банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.