Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 7 сар хүртэл хойшлуулах талаар хэлэлцэж байна

2022-11-7 Нам хөдөлгөөний амьдрал

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ, Засгийн газраас Газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийг өнөөдөр хэлэлцлээ. Дотроо таван багц хуультай. Зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ хэд хэдэн асуудал дээр анхаарах ёстой. Барилга хот байгуулалтын тухай болон Газрын тухай хуулийг хамт хэлэлцэх ёстой. Уг хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл сайжирч, эдийн засгийн эргэлтэд орж, газрын маргаан арилах ач холбогдолтой гэж үзэж байгаа” гэлээ.

Мөн энэ үеэр тэрбээр  “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа” гэсэн юм.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Ипотекийн зээл 2008 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулсан. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана ” гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хот байгуулалтын болон Тусгай хамгаалалттай газрын тухай гээд нийт долоон хуулийг Газрын багц хуулийн хүрээнд хэлэлцэнэ. Уг асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэнэ.

Газрыг хувьд өмчлөх асуудлыг шийдээд яг 20 жил болж байна. Гэсэн ч эдийн засгийн эргэлтэд баталгаатай орж чадахгүй байна гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр хуульчлах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд орсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүх хүнд хамаатай суурь эрх зүйн шинэчлэл явагдах гэж байна.

Тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулан хэдэн зуун мянган иргэний орон сууц улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон. Зайсан, Тэрэлж, Яармаг багтана. Хамгийн үнэтэй баялгаа бид үнэ цэнэгүй байлгаж ирсэн. 97-98 орчим хувийн газрыг татвар төлбөрөөс чөлөөлж ирсэн. Үнэтэй зүйл өндөр татвартай байх ёстой. Үнэгүй олгож байгаа гэдэг нэрийн дор газрын албаныхан болон Засаг даргаар ажиллаж байсан хүн газрыг далд байдлаар үнэтэй зардаг. Газрын авлигын өртгийг шингээгээд өндөр өртөгтэй орон сууц баригдаж байна.

Тиймээс газрын шинэтгэлийн цаана далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах бодлогыг шийднэ. Орон нутагт, хот сууринд газрын асуудлаас болж зөрчил үүсдэг байдал хаа сайгүй болсон.

Хуультай мөртлөө хуульгүй мэт явсан харилцааг цэгцэлнэ. Газрын харилцааны нэгдсэн бодлого, дүрэмтэй байх ёстой” гэв.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.