
-ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ-
Монгол Улсын макро эдийн засгийн аюулгүй байдал, гадаад шокийг тэсвэрлэх чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлт болох Гадаад валютын улсын албан нөөц (ГВУН) 2026 оны 10 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 8,760.8 сая буюу 8.76 тэрбум ам.долларт хүрснийг Монголбанкнаас албан ёсоор зарлалаа.
Энэхүү үзүүлэлт нь оны эхнээс даруй 1,755.5 сая ам.доллароор буюу 25.1 хувиар өссөн дүн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.21 хувийн өндөр өсөлтийг үзүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлын гол баталгаа болж байна.
Манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн 9 дүгээр сард түүхэндээ анх удаа 8.896 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоогоод байсан юм. Харин өнгөрөгч сарын гүйцэтгэлээр өмнөх сараасаа 136.0 сая ам.доллар буюу 1.53 хувиар үл ялиг буурсан дүн гарчээ.
Төв банкны шинжээчдийн тайлбарлаж буйгаар, уг сарын хэлбэлзэл нь дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн өсөлт болон улирлын чанартай импортын төлбөрүүд нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч урт хугацааны чиг хандлагаараа гадаад худалдааны ашиг тогтвортой хадгалагдаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасралтгүй үргэлжилж байгаагаас гадна Монголбанк дотоодын зах зээлээс үнэт металл худалдан авах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа нь нөөцийг ийм өндөр түвшинд тогтоон барих гол хөдөлгүүр болж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тухайн улсын гадаад валютын нөөцийн хүрэлцээг үнэлэхдээ импортыг хангах чадвараар нь хэмждэг бөгөөд гурван сарын хэрэгцээг хангах нөөцийг “хамгийн доод түвшин” гэж үздэг. Тэгвэл Монгол Улсын өнөөгийн хуримтлуулсан 8.76 тэрбум ам.доллар нь макро эдийн засагт дараах хамгаалалтыг үүсгэж байгаа юм.
Тодруулбал, зөвхөн валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээг, бараа болон үйлчилгээний нийт импортын зургаан сарын хэрэгцээг бүрэн санхүүжүүлэх чадвартай. Мөн энэхүү нөөцийн хэмжээ нь манай улсын богино хугацаат гадаад өр төлбөрийн дүнгээс даруй тав дахин өндөр түвшинд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын үзүүлэлт олон улсын аюулгүй байдлын жишгээс даруй 2-2.6 дахин өндөр байгаа нь санхүүгийн систем болон үндэсний эдийн засаг гадны ямар нэгэн шок, хямралыг хохирол багатай даван туулах чадвартай буюу “дархлаа” маш сайн байгааг илтгэнэ.
Түүнчлэн валютын албан нөөц түүхэн дээд хэмжээнийхээ орчимд баттай хадгалагдаж байгаа нь дотоодын зах зээлд төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом сулрахаас сэргийлж байна. Төв банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш аравдугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс ердөө 14.0 төгрөг буюу 0.39 хувиар суларсан байна. Энэхүү тогтвортой байдал нь дотоодын зах зээлд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөөс сэргийлэх төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчдад манай улсын санхүүгийн орчин найдвартай гэх эерэг дохиог өгч байна. Нөөц ийнхүү зузаарсан нь дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид урт хугацааны төлөвлөлтөө айдасгүй хийх макро эдийн засгийн таатай орчныг баталгаажуулж байгаа юм.

1 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-11-4
2026-11-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.