
Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн зэвсэгт зөрчил, геополитикийн хямрал шинэ эргэлтийн цэгтээ ирлээ. АНУ-ын зүгээс Иранд үзүүлэх цэргийн болон эдийн засгийн шахалт улам чангарч байгаа ч Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Тегерантай хийж буй яриа хэлэлцээ амжилттай болбол цэргийн ажиллагааг дахин өргөжүүлэхгүй гэдгээ илэрхийлэв. Гэвч дипломат ширээний ард өрнөх яриа хэлэлцээний цаана АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) Ираныг эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах шинэ тусгай хүчнийг хэвээр байлдааны бэлэн байдалд оруулаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв Ираны тал АНУ-ын тавьж буй шаардлагуудыг тусгасан хэлэлцээрт ахиц гаргаж, буулт хийвэл тус улсын эсрэг дахин томоохон хэмжээний цэргийн цохилт өгөх “магадлал маш бага” гэдгийг тэмдэглэжээ. Ерөнхийлөгч өөрийгөө барилгачин хүн хэмээн тодорхойлж, Ираны иргэний дэд бүтэц, тэр дундаа гүүр гэх мэт бүтээн байгуулалтыг бөмбөгдөж нураах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний энэхүү даруухан мэт боловч цаанаа хатуу байр суурь нь Ираны талыг хэлэлцээрийн ширээний ард суухаас өөр сонголтгүй болгох зорилготой тактик гэж ажиглагчид үзэж байна.
Саяхан Ормузын хоолой дахь Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийг устгасан ажиллагааг Трамп “ердөө 15 минутын дотор шийдсэн бага хэмжээний хамгаалалт” хэмээн нэрлэсэн нь АНУ-ын зэвсэгт хүчин ямар ч үед цохилт өгөхөд бэлэн байгааг харуулсан сануулга байв.
Түүнчлэн дипломат сувгаар Катар улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, зөрчлийг намжмаар алхмуудыг хийж байгаа ч газар дээрх цэргийн бүслэлт улам нарийссаар байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Ираны хууль бус орлогын урсгал болон цэргийн технологийн тээвэрлэлтийг бүрэн таслан зогсоох зорилготой “Iron Gate” (Төмөр хаалга) тусгай хүчнийг бүрэн ажиллагаанд оруулснаа зарлалаа.
АНУ-ын Тэнгисийн цэргийн бүслэлтийн улмаас Иран улс сүүлийн саруудад 25 тэрбум долларын түүхий тосны экспортын орлогоо алдаад байгаа юм. Эдийн засгийн хувьд хүнд цохилтод орсон Тегеран хоригийг тойрч гарахын тулд хуурай замаар болон хойд талын Каспийн тэнгисээр дамжуулан зэвсэг, газрын тос тээвэрлэхийг оролдох болсон. Флорида дахь CENTCOM-ын төв штабаас удирдаж буй “Iron Gate” тусгай хүчин нь чухамхүү эдгээр далд замуудыг тагнуулын өндөр технологиор хянаж, бүрэн хаахаар ажиллаж эхэлжээ.
АНУ-ын энэхүү эдийн засаг, цэргийн давхар шахалтын хариуд Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) уламжлалт хатуу байр сууриа илэрхийлсээр байна. Харин АНУ-ын шинэ төлөвлөгөөг “ердөө л үгээр тоглосон хоосон зүйл” хэмээн нэрлэж, Иран улс хөрш орнуудтайгаа харилцаагаа хадгалж, дотоодын батлан хамгаалахын үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж чадна гэдгийг мэдэгдэв.
Ойрхи Дорнод дахь энэхүү мухардал дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон олон улсын аюулгүй байдалд шууд нөлөөлж байна. Дипломат яриа хэлэлцээ үр дүнд хүрч, бүс нутагт энх тайван тогтох уу, эсвэл “Төмөр хаалга”-ны бүслэлт улам чангарч, цэргийн мөргөлдөөн дахин дэгдэх үү гэдэг нь ирэх өдрүүдийн үйл явдлаас шууд шалтгаалахаар байна.
Сэтгүүлч Г.Чулуун
1 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-11-4
2026-11-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.