ТВС-2МС онгоцны нисэх бүрэлдэхүүн гэмтээгүй гэв

2017-06-13 Мэдээ, мэдээлэл
Зураг

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас энэ сарын 02-нд хөөрөх үедээ ослын буулт хийсэн ТВС-2МС нисэх онгоцны талаар ИНЕГ-аас албан ёсоор тайлбар хийв.

ТВС-2МС нисэх онгоцыг ОХУ-д үйлдвэрлэдэг бөгөөд Монголын алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд агаарын тээврийг ашиглах зорилгоор манай улсад угсрах болсон юм. Тиймээс өнгөрсөн сард RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоцыг үзүүлэх нислэг үйлдэх зорилгоор Монголд оруулж иржээ. Уг онгоцыг энэ сарын 02-нд ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодон “Чингис хаан” нисэх буудлаас хөөрсөн ч ослын буулт хийсэн байна. Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ОХУ-ын Осол зөрчлийг шинжлэн шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тухайн үед онгоцонд сууж явсан нисэх багийн бүрэлдэхүүн болон зорчигчид гэмтэл, бэртэл аваагүй гэдгийг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн албан ёсоор хэллээ.

Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТВС-2МС нисэх онгоцыг Монголд угсрах болсон нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа гэсэн ташаа мэдээлэл гарсан. Уг онгоцыг Монголд угсрах болсон нь ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогын салшгүй хэсэг бөгөөд сонгуультай ямар нэгэн холбоогүй гэдгийг ИНЕГ-ын удирдлагууд онцлов.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх, тэр дундаа жижиг онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж байгалийн гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж, онцгой байдал, аялал жуулчлалын салбарт ашиглана” гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа ОХУ-ын “TBC-2MC” болон АНУ-ын GOLAX агаарын хөлгийг угсрах, хамтарсан үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа билээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.