ТЭНГЭРЭЭС БУУСАН ЧУЛУУ

2017-07-9 Энтертайнмент

Сонин хачин

Янз бүрийн түүхэн товчоонд тэмдэглэгдэн үлдсэн тэнгэрээс “чулуун хур” буусан олон тохиолдлоос зарим нэгийг сонирхуулъя.

1895 оны наймдугаар сард Эрхүү хотын Цэргийн зургадугаар гудамжинд суудаг байсан Кузнецов гэгч эрийн байшингийн дээвэр дээр орой бүр 21 цаг 30 минутад тэнгэрээс бөөн чулуу унаж эхэлдэг байжээ. Гайхамшигт үзэгдлийг сонирхохоор очиж байсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрч байсан аж. Тухайн хорооллыг бүхэлд нь цагдаа нар бүсэлж, байшин бүрийн гадаа харуул манаа тавьсан боловч чулуу хаанаас харваж ирээд байгааг хэн ч мэдэж чадаагүй байна. “Рэнд дейл мэйл” сонины 1922 оны тавдугаар сарын 29-ний өдрийн дугаарт бүр илүү сонирхолтой түүх нийтлэгджээ.

Өмнөд Африкийн Йоханнесбург хотод эмийн сангийн нэгэн байшин дээр тэнгэрээс хэдэн сарын турш бөөн чулуу унаж байсан нь тэнд ажилладаг нэгэн бүсгүйг онох гээд байгаа мэт байсан аж. Цагдаа нар байшингийн эргэн тойрон дах цэцэрлэгийг бүслээд мөнөөх бүсгүйг дэлгүүр рүү явуулсан байна. Бүсгүйг явж байхад түүний эргэн тойронд эгц дээрээс чулуун мөндөр орж байв. Чулууны уналтын траекториор гэмт хэрэгтнийг илрүүлнэ хэмээн найдаж байсан цагдаа нар тэдгээр чулуу эгц дээрээс унаж байгааг тогтоосон байна. Цагдаа нар хэдэн долоо хоногийн турш ажиглалт хийсний эцэст бүсгүйн байгаа тэр л газарт том том чулуу унаж байгааг тогтоожээ.

Хурмаст тэнгэрээс чулуу унах, “загасан” эсвэл “мэлхийн” бороо орохыг салхи шуурганы дамшиглал гэж үзэх боломжгүй! Ийнхүү чулуун бороо өөрийн сонгосон байгаа дагаж унахаас гадна өрөө тасалгаа зэрэг битүү орон зайд унах үзэгдэл ажиглагдаж байгаа нь мөн л сонирхол татаж байгаа юм. Австралийн баруун хэсгийн Памфрей хотоос холгүй орших ферм дээр ажилладаг нутгийн уугуул оршин суугч нэгэн залуугийн эргэн тойронд бүхэл бүтэн таван долоо хоногийн турш чулуун мөндөр унаж байжээ. Энэ гайхалтай үзэгдлийн талаар эрдэмтэд эхлээд салхины хачирхалтай ааш аяг гэж тайлбарлаж байлаа. Гэвч тэр залуутай цуг битүү хаалттай майхан дотор байхдаа өөрсдийнх нь яг хөл доор чулуу унаж байхыг харсан гэж нутгийн хоёр хүн тангараглан байж мэдүүлсэн тул салхи шуурганы даажигнал хэмээх таамаглалыг орхиход хүрчээ.

Хачин жигтэй монцгор том чулуу нэвтрэн орох магадлалтай нүх сүв майханд гаргах зэрэг нүд хуурсан нэгээхэн ч зүйл энд байгаагүй бөгөөд харин тэдгээр чулуу нь ердийн л нэг хайрга байсан аж. Ийнхүү хурмаст тэнгэр хүмүүс бидний хязгаарлагдмал боломжоор даажигнаж байгаа мэт шинэ шинэ оньсогоо байнга илгээсээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.