МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг дэмжжээ

2021-01-21 Засгийн газар
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.01.21/ өглөө 08:00 цагт хуралдаад дууслаа. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцсэн байна. Үргэлжлүүлэн 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг Төрийн ордонд хуралдсан.

Энэ хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. Харин Удирдах зөвлөлийн гишүүд асуудлыг хэлэлцэн дэмжсэн аж. Харин одоо улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм байна.

Энэ тохиолдолд хуулийн ямар зарчим үйлчлэхийг тодруулъя.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөх эрхтэй. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хүсэлтийг шийдвэрлээд өнгөрнө гэвэл энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэнэ гэсэн үг. Харин өөрөө огцрох асуудлыг гаргах бол асуудлыг УИХ-аар хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайдад хоёр ч сонголт байгаа юм. Нэгдүгээрт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ зөв, буруу эсэхийг шийдүүлэх, өөрт нь ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ асуудлыг тавих эрх нь Ерөнхий сайдад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 зүйлд дараахь заалт бий.

Дөчин дөрөвдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Харин итгэл хүлээлгэх бус шууд огцрох хүсэлт гаргавал Засгийн газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх аж.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд дараахь заалт бий.

1.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.

Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд огцрох хүсэлтээ УИХ-д гаргасан тохиолдолд ийм зарчмаар шийдвэрлэгдэх ажээ. Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцогдоно. Харин шинэ Засгийн газрыг байгуулахдаа огцорсон Ерөнхий сайдыг дахин томилох эрх нь УИХ-д, огцорсон Засгийн газрын гишүүдээ өмнөх бүрэлдэхүүнээр нь хадгалж үлдэх боломж нь Ерөнхий сайдад байгаа юм. Тодруулбал,Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэсэн заалт бий.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.