Б.Найрамдал: Барилга байгууламж ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байна

9 цагийн өмнө Нийслэл

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийж эхэллээ. Төлөвлөгөөт шалгалтыг энэ сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй. Тэр хэрээр эрсдэлүүд гарч байна. Тухайлбал, барилга байгууламж ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Иймд угсралтын явцад хяналт шалгалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн 97 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалтыг хийж байна” гэлээ.

Мөн энэхүү шалгалтын хүрээнд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг онцгойлон шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, гүйцэтгэлд хяналт хийх юм.

Ташрамд, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.