Ус түгээх байруудад “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудас байршуулжээ

2020-12-24 Мэдээ, мэдээлэл

Ус сувгийн удирдах газрын 667 ус түгээх байр болон бусад цэг салбарт “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” зурагт хуудсыг байршуулж тухайн худгаар үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч сайн дурын хүүхэд хамгаалагч болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээж байна.

Хүүхдийн эрхийг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэн, хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжин “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлээд байгаа юм.

Уг арга хэмжээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газрын хамт олонд хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын тухай, Миний гэр аюулгүй орчин зэрэг 10 төрлийн тараах материал гарын авлагыг өмнө нь хүлээлгэн өгсөн юм.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж хөл хорионы үед тасралтгүй ажиллаж байгаа “Худгийн ус түгээгч- Хүнсний дэлгүүрийн худалдагч – Хөрш” гэсэн хэрсүү гурвалжингийн гурвалсан холбоогоор дамжуулан гудамж, орц, байрныхаа хүүхдүүдийн хөхөрсөн нүд, доголсон хөл, хүнс, хоолны дутагдалтай байгаа зэргийг хэрсүү ажиглан мэдэж мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын нэг оролцогч нь Ус сувгийн удирдах газрын хамт олон юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.