
Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын уламжлалт уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 25-26-нд болж байна.
Энэхүү уулзалт Монгол Улсын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг танилцуулах, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хэрэгжүүлэх төслийн талаар ярилцаж, чиглэлээ тодорхойлох зорилготой. УИХ-ын дарга С.Бямбацогт, Шадар сайд Т.Доржханд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар тус тус Элчин сайд нарыг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд нартай уулзах үеэрээ Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-аас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд нартай хийсэн уулзалтын үеэр Шадар сайд Т.Доржханд хөрөнгө оруулалтын салбар дахь бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинняам аж үйлдвэр, уул уурхайн салбар дахь бодлого үйл ажиллагаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санаачилга болон ойн салбар, наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын талаар, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын хөгжлийн бодлого, үйл ажиллагаа болон томоохон төслүүдийн талаар тус тус танилцуулан Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.
Мөн жил бүрийн уламжлал болсон Европын өдөрлөгийг Европын Холбооны төлөөлөгчийн газар анх удаа орон нутагт буюу Дархан хотын Найрамдал талбайд тавдугаар сарын 23-нд зохион байгууллаа. Шадар сайд Н.Номтойбаяр Европын өдөрлөгийг нээж үг хэлсэн бөгөөд өдөрлөгт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл оролцлоо.
Тус өдөрлөг Монгол Улс, Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагааны үр дүн болон Европын Холбооны гишүүн улсуудын уламжлал, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээний мэдээллийг олон нийтэд түгээн таниулдаг гэж ГХЯ-наас мэдээллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.