
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.26/ хуралдаж хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хурлаар МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авав.
Ийнхүү Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, НИТХ-ын төлөөлөгч нарын олонхын буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
Б.Пүрэвдагва “Хамгийн түрүүнд миний барьж буй зарчим бол дарга төвтэй биш иргэн төвтэй ажиллах, бетон, цемент биш ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, автомашин төвтэй биш хүн төвтэй хотыг бий болгох зорилготой байгаа. Ингэхдээ иргэддээ ойр, шударга, ил тод, нээлттэй, хариуцлагатай, хурдтай ажиллана. Мөн цаг хугацааны хувьд тавдугаар сар нэлээд өнгөрсөн явж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажил руу орох шаардлагатай. Энэ хүрээнд одоо түлшний асуудлаар хурал хийх гэж байна. Араас нь баяр наадам, энэ зуны бороо, үер, Cop 17, намрын хичээлийн бэлтгэл ажил гээд олон ажил бий. Дээрээс нь иргэдийн хүлээлттэй байгаа асуудлуудад оновчтой шийд гаргаад ажиллана. Залуу хотын даргын хувьд хэвлэл мэдээллийнхэнтэй ойрхон ажиллана. Болохгүй байгаагаа үнэнээр нь хэлээд явна. Яагаад гэвэл, цаг хугацаа, санхүү мөнгөний хязгаарлагдмал байдал байгаа. Манай хотын иргэдэд юу хамгийн түрүүнд тулгамдаж байна гэдгээс ажлаа эхэлнэ. Иргэдийн судалгаа шинжилгээ, санал хүсэлт, байр суурь, итгэлцэл дээр бид ажлаа явуулна. Би чадах юм аа чадна гэж хэлнэ. Чадахгүй юм аа харин яагаад чадахгүй байгаагаа хэлээд урагшилна” гэв.
38 минутын өмнө
1 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.