Видео: Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын мэдээллийг хүргэлээ

2020-09-14 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

 

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулж байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлсэн. Үүнээс 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өссөн болохыг ҮСХ-ноос мэдээлэв.  

Мөн тус хугацаанд бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 2020 оны наймдугаар сард нийт 2,000 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3,000 (14.2%) хүнээр буурч, өмнөх сараас 243 (1.3%) хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9,700 буюу 52.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд “Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 800 буюу 13.3 хувь, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1,500 буюу 29.2 хувиар буурсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд наймдугаар сарын эцэст 28 мянга байсан. Үүнээс 18.3 (65.4 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (34.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй юм. Энэхүү үзүүлэлт Төв, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Завхан, Хэнтий аймаг, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.5-8.9 пунктээр доогуур байна” гэв.

Харин нийт хүн амын дундаж цалингийн талаар тодруулахад, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 44,0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 676,4 мянган ажилтан хамрагдсан байна. НДШ төлж буй аж ахуйн нэгж, байгууллага өмнөх үеэс 2,1 мянгаар буюу таван хувиар өмнөх улирлаас 1,4 мянгаар буюу 4,3 хувиар өсчээ. Мөн ажилчид өмнөх оны мөн үеэс 417 (0,1) хувиар буюу өмнөх улирлаас 15 мянгаар (2,3) хувиар өссөн байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд, өмнөх улирлаас 420 мянга хүртэлх цалинтай ажиллагчид 1.5 мянгаар буурчээ. Мөн 900.000–1.100.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар буурсан бол 1.100.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.6 мянгаар уруудсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн 3.000.000 төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 76-гаар нэмэгдсэн бол 4.200.000-9.000.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар буурчээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.