ХХЗХ, Оюуны өмчийн газар уялдаа холбоогоо сайжруулна

2020-09-14 Мэдээ, мэдээлэл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албаны дарга нар уулзалт зохион байгуулж, хоёр байгууллагын харилцан хамтын ажиллагаа, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус уулзалтаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд радио, телевиз болон цахим орчинд оюуны өмчийг хамгаалах, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Уулзалтын үед Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Оюуны өмч бол манай Улсын Үнэт өв хөрөнгө, үнэт өв хөрөнгө болсон оюуны өмчөө хамгаалах хуультай болсон. Оюуны өмчийн тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн дагуу манай 2 байгууллага цаашдын хамтын ажиллагаагаар оюуны өмчийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчлийг таслан зогсоох, зөрчил гарсны дараа хариуцлагын асуудал ярихаас илүүтэй хууль эрх зүйн орчинг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэхэд нэн түрүүнд анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Оюуны өмчийн газрын дарга Б. Энхсүх оюуны өмчийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулаад, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах нь чухал. Иймд ойрын хугацаанд тус 3 байгууллагын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэх санал дэвшүүлсэн юм гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.