Чингис хаан банкны асуудлаар Монголбанкинд шаардлага хүргүүллээ

2020-05-18 Мэдээ, мэдээлэл

“Чингис хаан” банк нь хоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч аж ахуйн нэгж, иргэдийг олон сарын турш хохироож байгаа талаар “Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогоор тус холбоонд 45 иргэн, аж ахуйн нэгж нэгдсэн бөгөөд дунджаар 11 тэрбум төгрөгөө буцаан авахаар “Чингис хаан” банкинд хандсан ч холбогдох тушаалтнуудаас нааштай хариу өгөөгүй мөн харилцагчдаа хүлээн авахгүй, өрөөгөө түгжсээр өнөөдрийг хүрсэн тул Монголбанкинд 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүллээ.

“Чингис хаан” банкнаас нэг иргэн өдөрт 200 мянган төгрөг гүйлгээнд гаргах дээд хэмжээтэй бөгөөд мөнгөө авахыг хүссэн хүн бүрт мөнгө хүрэлцэлгүй өнгөрдөг байна.

Олон улсын валютын сангаас манай улсын арилжааны банкуудад хийсэн шалгалтаар “Чингис хаан” банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гэдэг нь тодорхой болж, үүнийгээ нэмэгдүүлэх үүрэг авчээ.

Хохирогчдын хэлж байгаагаар сонгууль өнгөртөл “Чингис хаан” банкийг дампууруулахгүй аргалж байх даалгавар авч, худлаа хэлж удирдлага нь уулзахгүй хойшлуулаад байгаа. Мөн хоёрдугаар сараас хойш хадгаламжин дахь мөнгөө авч чадахгүй, сүүлдээ хадгаламжийн хүүгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд өгөхгүй хойшлуулдаг. Өөрийнхөө мөнгийг авах гэж байж, өдөр болгон банк дээр очиж царайчилж байна” гэлээ.

“Чингис хаан” банк 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тайлагнасныг Монголбанкнаас зөвшөөрч цахим хуудаст байршуулсан учир харилцагчид энэ тайланд итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банкинд байршуулжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.