“Оюутолгойтой гишүүд, сайд нар албан бус уулзалт хийхийг хориглосон”

2019-11-21 Парламент

Чуулганы танхимаас

“Оюутолгой орд 31.4 сая тонн зэс, 1200 тонн алт, 7850 тонн мөнгөний нөөцтэй”

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэхүү төсөл нь хоёр зүйлтэй. Тодруулбал, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийхийг Засгийн газарт даалгаж байгаа юм. Хоёрдугаар зүйлээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад үүрэг болгожээ. Төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, санал хэлснийг хүргэе.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-2015 оны дөрөвдүгээр сард далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг хоёр хүнд өгсөн захирамж бий. Гэрээ хэлцэл, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоол болгож гаргах ёстой. Энэ процедурыг алгассан гэдэг үндэслэлээр шүүх дээр асуудал бий. Төрд ажиллаж байгаа хүмүүс цаашдаа ийм асуудал гардгийг анхаарах хэрэгтэй.

– УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Дубайн гэрээг Улаанбаатарын гэрээ болгож өөрчлөх ёстой.  Ч.Сайханбилэгийн буруу юм бол энэ хугацаанд яагаад засч залруулах талаас нь яваагүй юм бэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Оюутолгойн гэрээ бол маш муу гэрээ. Үүнийг бүгд мэдэж байгаа. Өнөөдрийн хуралдаанд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди гуай сууж байх ёстой. Н.Багабанди гуай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нууцыг мэддэг хүн байж гаднын хөрөнгө оруулалттай компанид ингэж шургалах ёсгүй. Ерөнхийлөгч байсан хүн гэдгээрээ ч байцаагдах эрэмбэ байхгүй шүү дээ. Мөн усны талаар тодруулмаар байна. Ямар нөхцөлтэйгөөр говийн бүсийн усыг ашигладаг вэ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:

-2010 оноос хойш “Оюутолгой” компани усны төлбөрт 16.9 тэрбум төгрөг төлсөн байна. Ус дахин ашигладаг хамгийн сүүлийн үеийн технологитой. Говийн бүсийн усны хэрэглээ тэр дундаа уул уурхайн усны хэрэглээ төрийн бодлогын хүрээнд шийдэгдэж байгаа гэж ойлгож байна. Цаашдаа уул уурхай, станцууд ашиглалтад оруулбал усны бодлогоо анхаарах байх. “Оюутолгой” компани ч гадаргын ус ашиглахад бэлэн байгаа.

-Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Оюутолгой, Тавантолгой гэсэн маш том ордыг ашиглалтад оруулсан ч өгөөж нь туйлын хангалтгүй байна. Ард иргэдийн амьдрал ядуу байна. Тиймээс гэрээгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, Дубайн төлөвлөгөөг маш муу болсон гэдгийг хүн бүр хэлж байна. Үр өгөөж нь яагаад дээшлэхгүй байгааг тодруулъя. Хоёрдугаарт, мөнгөний гүйлгээг Монголбанкаар дамжуулж болохгүй юм уу. Гуравдугаарт, ордын нөөц бүрэн тогтоогдсон уу?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ашигт малтмал гааль дээр бүрдүүлэлт хийгдэж гадагшаа гарч байгаа. Энэ утгаараа хэчнээн төгрөгийн ямар хэмжээтэй ашигт малтмал гарч байгаа тухай мэдээлэл Монголын талд бий гэж үзэж байгаа. “Оюутолгой” компани хамтарсан компани мөн боловч нууцлалтай гэдэг үндэслэлээр Монголын талд үзүүлдэггүй маш олон баримт бий. Нөөц, ачуулсан барааны санхүүжилттэй холбоотой олон баримт байгааг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсгийнхэн гаргасан. Тиймээс цаашид нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг багасгах талаас ажиллана гэж бодож байна. Нөхцөл байдлыг сайжруулах талаар хангалттай ажиллаж байгаа гэж бодож байна.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:

-“Оюутолгой” ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан. Дараа нь 2015 онд шинэчлэн баталсан. Хуулийн дагуу таван жил тутамд шинэчлэн батлах үүрэгтэй. 2015 оны ТЭЗҮ-ээр Оюутолгой орд цэвэр зэс 31.4 сая тонн, алт 1200 тонн, мөнгө 7850 тоннын нөөцтэй гэж батлагдсан. “Эрдэнэт” үйлдвэрийн төсөвт оруулж байгаатай мөнгөтэй хамаатуулж их ярьж байна. “Эрдэнэт” үйлдвэр бол дэлхийн зах зээлд зэсийн үнээс шалтгаалж татвар төлж байгаа. Оюутолгой бол бүтээн байгуулалтын шатанд явж байгаа учраас ийм байгаа юм. Цаашид үйлдвэрлэлд орбол гурав дахин нэмэгдэх тооцоо бий.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Оюутолгойн гэрээ Монгол Улсад маш хохиролтой болжээ. “Эрдэнэт” бол манай улсад ашигтай үр өгөөжтэй болсон гэрээний бодит жишээ. Оюутолгойг  яагаад Эрдэнэтийг дуурайлгаж хийгээгүй юм бэ. ТЭЗҮ-ийг батлаагүй байж, гэрээ байгуулсан нь яалт ч үгүй тухайн үеийн төр засгийн удирдлагуудын буруу.

Хуралдаан үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.