Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөшигний араас гарлаа

2019-11-4 Мэдээ, мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэгч биш гэдгээ батлав. Өөрөөр хэлбэл, тэд энэ нийгмийг бүрдүүлэгч нэгээхэн хэсэг нь. Хоёр өдөр үргэлжилсэн Ази Номхон далайн бүсийн конгрессыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохин байгуулсан. Гол нь конгрессийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зохион байгуулалтад гар бие оролцож, өөрсдөө тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, туршлага хуваалцсан нь олзуурхууштай байв.

Өмнө нь хэн нэгэн эрхтэн дархтан, эс бөгөөс иргэний нийгмийн болоод төрийн бус байгууллагын төлөөл тэдний өмнөөс дуу хоолой нь болж, асуудлыг хэлж ярьдаг байв. Харин тэд хэн нэгний асаргаанд, үргэлж тусламж ирсэн халамж хүртэгчид мэтээд нийгэмд ойлгогдож байсан нь нууц биш. Тэгвэл бүсийн хэмжээн дэх уулзалтыг тэд өөрсдөө зохион байгуулж, хүртээмж болоод олон нийттэй ижил түвшинд хүлээн зөвшөөрөгдөх арга туршлагыг судалсан юм. Конгрессийн үеэр дохионы хэлний 19 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, гадаадын болон дотоодын сонсголын бэрхшээлтэй иргэдээ мэдээллээр хангасанд олон хүн талархаж байсан. Тэдний 5 нь олон улсын дохионы хэлний орчуулагчид байлаа.

Мөн энэ хурлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ойлголцох, хамтран ажиллах сургалтуудыг зочид буудлын үйлчлэгчид болоод олон нийтийг хамарсан олон сургалт зохион байгуулагдсан юм. Ингэснээр сургалтад хамрагдсан ажилчин, албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах, тэднийг илүү ойлгох, ойлголцох арга ухаанд суралцсан өдрүүд байлаа гэж ч тодотгож болох юм.

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” үндсэн сэдвийн дор явагдсан конгрессийг дүгнэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд конгресст бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 600 гаруй төлөөлөгч оролцсоныг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр онцолсон. Тэрбээр “Энэ удаагийн конгресст өмнөх хурлуудыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоо өндөр байсан төдийгүй Монгол Улс өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах тал дээр онцгой анхаарч ажилласан. Конгрессоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж байгаа асуудал, шийдэл, боломж, нэвтрүүлсэн сайн туршлагуудын хүрээнд салбар хуралдаануудаар 85 илтгэлийг хэлэлцүүлсэн” гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Бүс нутгийн IV конгресс манай улсад анх удаа болж, амжилттай өндөрлөлөө. Энэ конгрессын ач холбогдлыг нэлээд өндрөөр харж байна. Нэгдүгээрт, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгч үйл ажиллагаа явуулж байна гэдгээ бид харууллаа. Нөгөө талаасаа улс орнуудын амжилттай хэрэгжүүлж байгаа сайн жишээг бид нутагтаа авч үлдэх бололцоо боломжийг бүрдүүллээ. Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, хүртээмж муу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гадаа гараад дэлгүүр оръё гэхээр зориулалтын зам талбай, барилга байгууламж нь байдаггүй. Гэхдээ манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан хуультай. Үүнийгээ хэрэгжүүлэх бие даасан агентлагийг байгуулж ажилладаг. Салбар дундын цогц зохион байгуулалтыг хийж, энэ ажлыг шат шатанд Ерөнхий сайд, аймгийн Засаг дарга нар нь хариуцаж ажилладаг. Тэгэхээр хууль эрх зүйн тогтолцооны хувьд сайн жишээ болж байна. Тэгэхдээ энэ конгрессоос цаашид хөгжлийн бэрхшээлийн иргэдийн төлөө олон ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг харлаа. Ялангуяа тэднийг орлоготой байх, ажилтай байх асуудалд бид түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа халамжийн мөнгө төгрөгийг үе шаттайгаар нэмэхээс эхлүүлээд, цаашид олон асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж байна”.

“Леонард Чешир” сангийн зөвлөх Барха Хэнри “Энэхүү конгрессыг зохион байгуулснаар Монгол Улсын Засгиийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил тодорхой харагдлаа. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энэхүү конгресст төлөөллөөр оролцуулсныг харахад маш таатай байлаа. Тэр дундаа нэг зүйлийг тодотгон хэлмээр байна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийг нь хамруулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилт, аливаа нэг албан бичиг баримтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Тэдний оролцоог хангана гэдэг бол маш чухал асуудал юм.

Би хэлэлцүүлгүүдээс дөрвөн зүйлийг онцолмоор байна. Хэнийг ч орхигдуулалгүйгээр хөгжихөд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага хамгийн үр дүнтэй стратеги юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаварлан гадуурхал бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмж, бие даан амьдрах нөхцөлийг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой. Түүнчлэн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол асуудлууд, бусад суурь үйлчилгээ тухайлбал, эрүүл мэнд, асран хамгаалах, эрүүл ахуй, ус, эрчим хүчний хангалтыг зэргийг сайжруулах нь бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудал. Мөн Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагыг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхгүйгээр дэлхийд насжилтын асуудал эрчимжиж буй энэц аг үед ахмад настануудад ч мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрч байхыг ч онцлон хэлмээр байна” гэлээ.

Конгрессыг зохион байгуулсны үр дүн нь бүсийн хэмжээнд асуудлаа хэлэлцэж, туршлага судлахаас гадна хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг төлөөлөгчид батлан гаргасан нь бүсийн нутгийн хэмжээнд хэрэгжуүүлэх чухал баримт бичиг болж байгааг Зохион байгуулах хорооныхон хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ нь 2023 он хүртэл Ази, Номхон далайн бүсийн орнууд “Хэнийг ч орхихдуулахгүй байх” зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандах, тэдэнд хүртээмжтэй нийгмийг бий болгох ач холбогдолтой юм.

Олон улсын зарчим, стандартад нийцсэн хууль боловсруулж, өргөн барихаар зэхэж байгааг ч энэ үеэр албаныхан хэлж байсан. Гэхдээ хууль батлахаасаа илүүтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ч тодотгоод амжсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази Номхон далайн бүсийн 5-р конгресс 2023 онд Камбож улсад болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.