Ц.Баатархүү: Хотын дарга хурдгүй ажиллаж байгаагаа төсөвгүй гэж шалтаглаж байна

2017-04-26 Нам хөдөлгөөний амьдрал

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь /НИТХ/ Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2017.04.26/ мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл хотоо хөгжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санал санаачилгагүй ажиллаж байна гэж дүгнэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэв.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “С.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод есөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол ажил хийе, нийслэлээ хөгжүүлье гэж боддог хүнд бол хангалттай хугацаа. Гэтэл Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-д 15 тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн үеэс хоёр дахин бага байна.  2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр,  долоон дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор батлагдаагүй байна” гэсэн юм.  Мөн  ажилдаа санаачилга, хурд муутай байгаагаа мөнгөгүй, төсөвгүй гэсэн башир тайлбар хийж бултах оролдлого хийх боллоо гэж буруутгалаа.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа “2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум төгрөг буюу өнгөрсөн жилийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөр илүү батлагдсан. Энэ мөнгөөр 25 цэцэрлэг барьж болно. С.Батболд дарга ажлаа аваад есөн сар, он гараад дөрвөн сар өнгөрчихөөд байхад хийгдэж байгаа ажлууд нь маш удаашралтай байна. Миссийн тэмцээн гэх мэтчилэн баяр ёслол, шоуг ивээн тэтгээд явж байгаа мөртлөө нийслэлчүүдийн бүрэн хэрэглээ болчихоод байгаа приус машинд 50 хувийн татвар тогтоож байна. Ахмад настнуудыгаа ялгаварлан тэтгэврийн насыг уртасгаж байхад хотын дарга маань үг дуугүй чимээгүй өдийг хүрлээ” гэсэн юм.

 

С.Гэрэлсүх

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.