Хайр ба сэтгэл зүй

2019-10-17 Сэтгэл зүйч хариулж байна


Агуу хайрын тухай олон хүн ярьж мөрөөддөг. Эсрэг хүйстэнтэйгээ юм уу, сексийн чиг хандлагаар холбогдсон хүнтэйгээ анх учрах үед өдөөгдсөн хүчтэй сэтгэл хөдлөлийг бид хайр гэж нэрлэх нь их. Эхний удаагийн хайр дурлалын харилцаанууд ихэвчлэн алмайрч гайхах, “Ийм байдаг юм байна” гэсэн дуу алдалттай хамт өрнөж өнгөрдөг. Мэдээж анх төрж байгаа сэтгэгдэл хүчтэй байх боловч хамгийн харамсалтай нь эхний удаагийн хайр дурлалын харилцаанууд баяжмал биш, хүн болгонд бараг нэгэн хэвийн үзэгдлээр тохиодог, зөвхөн байгалийн жам, сэтгэл зүйн талын анхны хариу үйлдэлүүд дээр бий болсон төдий байдаг тул хэврэг, сэтгэл санаагаар унах нь амархан, эргээд итгэл алдрах нь ч амархан байдаг. Нэг ёсондоо өсөж тэлээгүй, баяжиж амжаагүй сэтгэл хөдлөл гэж хэлж болно. Бид энэ сэтгэл хөдлөлийг хэтэрхий хүчтэйгээр хүлээж авч, хэтэрхий туйлширдаг бөгөөд зохиомол ертөнцөд автаж, хайртай бол ингэх ёстой тэгэх ёстой гэсэн шаардлага, тулгалтаар нэг нэгэнээ баалж, дарамталж эхэлсэнээр анхны гайхалтай мэдрэмж сөрөгжиж, ихэвчлэн анхны болон хоёр дахь хайр дурлал нь туршлага дутагдах, сэтгэл хөдлөлийн хэт олон дайралтад өртөх үедээ дархлаа сууж амжаагүй байснаас болж амжилтгүй болдог.

Хэрвээ эхний удаагийн хайр сэтгэлийн харилцаанууд бүтэлгүй болох юм бол ихэнхи хэвийн бөгөөд энгийн сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд хайр ийм л байдаг юм байна, ер нь хийсвэр юм байна, бүтдэггүй юм байна гэж бодох, хайр дурлалд дахин автахгүй байхыг хичээх, сэтгэл зүй болон сэтгэл санаа гээд хувь хүний үнэ цэнээ хамгаалах байдал руу шилждэг. Эсвэл зарим нь хайр дурлалыг эхний хэдэн учрал дээр бий болсон анхны сэтгэгдлээрээ төсөөлж, нэг л хандлага, нэг л амталсан мэдрэмжээрээ ойлгодог тул дараа дараагийн харилцаа дээр өнгөрсөн зүйлээ л эрж хайж байдаг нь хар тамхинд донтсон мансуурагчийн мэдрэмжтэй ижил болж эхэлдэг.

Зарим хүн өмнө нь хүчтэй дурлаж байсан хүнээ эргээд хэдэн жилийн дараа хараад өөрөөсөө ичих мэт болдог гэж хэлдэг. Залуу үед бидний сэтгэл хөдлөл өндөр, мөн хэн нэгнийг сайн сайхан талаас нь тухайлан харж төсөөлөх мэдрэмж хүчтэй байдаг.

Олон хүний хувьд анх дурлаж байсан хүн нь юм уу залуу үед учирч байсан хүн нь амьдралын хойч үед уулзаж байсан хүмүүсээс илүү мэт санагдах дурсамжийн сэтгэл зүй байдаг. Ийм сэтгэл зүй нь ихэвчлэн хорин таван наснаасаа хойш дурлаж хайрлах тал дээр шархлах, эсвэл уйдах, итгэхээ болих, мэдрэмж сулрах шалтгаанаар хаагдмал болсон хүмүүсийн сэтгэхүйд илүү ихээр тохиолдож байдаг.

Үнэндээ нөгөө хүчтэй татагдаж дурлаж байсан эрэгтэй эсвэл эмэгтэй хүн нь дурсамжийн сэтгэл зүйгээсээ гарч бодитоор харах юм бол гудамжаар зорчиж яваа олон олон эрэгтэй эмэгтэй хүнээс ялгарах юм огт байхгүй байгааг ойлгох үед хүмүүс өөртөө “Би энэ хүний юунд дурлаж байсан юм бол?” гэсэн асуулт тавих нь бий. Бидний хайрыг татаж байсан тэр хүмүүс гэнэт муухай болж хувирсан нь олон удаа тэдний буруу биш, харин бидний оюун санаа, сэтгэл зүй өөрчлөгдсөнд учир шалтгаан нь оршиж байдаг. Сэтгэл хөдлөл, туршлаггүй байдал, мөрөөдөл дээр үүссэн эхний хайр дурлалууд татагдаж байгаа хүнийхээ тухай сайн таньж амжаагүй, зөвхөн өөрийн зүгээс үүсэх хүчтэй төсөөлөл дээрээс үүдсэн байх тул, бодит буюу өдөр тутмын амьдрал дээр нөгөө хүн маань бидний төсөөлж байсанаас өөр байх нь урам хугаралт, хууртагдсан мэт мэдрэмж, гомдол болон өр төлөөс шаардах байдал бий болгож байдаг.

Хүний дотор адгуусын чанар, чөтгөрлөг тал гэж их бага хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь сайн хүмүүжил гэх мэт зүйлсийн ард нуугдаж байдаг. Ямар нэгэн сэтгэл өгөөд нээх хурц эмзэг харилцаанд орж харилцаа сөрөг болох үед хүний адгуусын шинж болон чөтгөрлөг шинж заавал сэрж байдаг. Хайр дурлалын харилцаа бол эмзэг бөгөөд хурц харилцааны нэг юм. Энэ харилцаа сөрөг болох үед хүн өөрийн эрхгүй адгууслаг болон чөтгөрлөг чанараа ил гаргадаг.

Олон алдаа тарьж, өөрөө болон бусдыг гомдоож шаналгасаны дараа хүн чөтгөрлөг тал, адгуусын чанараа засаж өөрчилдөг нь амьдралын жам бөгөөд дараалалт дүрэм юм. Зарим хүн гэгээрэх юм уу, өөрийгөө засах замаар сайжирна. Зарим нь улам бүр харилцаанд итгэх итгэлээ алдана. Анхны хайр сэтгэл, анхны дурлалууд ихэвчлэн бүтэлгүй болж, дуусаж төгсдөг шалтгаан нь бидний төгсөрч ухаарч амжаагүй сэтгэхүй дээр гэнэт орж ирсэн, хэт их сэтгэл хөдлөлийн дайралт, хэн нэг хүний өмнө гэнэт хүлээсэн хэт олон үүрэг хариуцлагыг дарамт зэргээс болж гарсан харилцааны зөрчил, зөрчлийг дагасан алдаанууд, алдаанууд дээр үүссэн чөтгөрлөг адгууслаг зан чанарын илрэлүүд гэж хэлж болно. Эргээд бид хайртай байсан хүнээ уучилж хайрлаж болох боловч, тухайн хүний чөтгөрлөг талыг өөрөө ч сэтгэл санааны дархлаа муутай, хүн уучилж сураагүй байх үедээ хангалттай харсан тул, өмнөх шигээ хайрлан биширч, бүх зүйлийг нь сайн сайхан гэж бодох боломжгүй байх тул хайр сэтгэл хөрч, нэг ёсондоо бидний харилцаа төгсдөг. Туршлаггүй харилцаанаас хоёр хүн нэг ёсондоо анх уулзаж байснаасаа тэс өөр хоёр хүн болон өөрчлөгдөж гарах тул анхны хайр сэтгэл, таталцал бидэнд үйлчилхээ больдог. Хүн байнга алдаагаа санаж, алдаа гаргасан газраа хараад суугаад байх дургүй буюу, гэрчид дургүй байх тул, аяндаа бид өөр шинэ харилцаа руу тэмүүлдэг гэж хэлж болно.

Хайр дурлал гэдэг зүйл анхны хэлбэр шатан дээр төгсөж дууссан ч бид хайрлаж дурлахаа болих шаардлаггүй юм. Хайр дурлал заавал нэг л маягаар эхэлдэг, нэг л хэлбэрт захирагддаг, нэг л маягаар үргэлжлэх ёстой биш бөгөөд, бид өөртөө цоо шинэ арга хэлбэр, цоо шинэ харилцааны сонирхол бүтээх боломж байнга байж л байдаг. Нэг л хүндээ хайртай байсаар дуусах тухай ойлголт нь өөрөө хүний эрх чөлөө, амьдралын аз жаргалыг боож байгаа зүйл бөгөөд, энэ нь хүнийг хий хоосон хуурмаг бөгөөд хавчиг төсөөллийн хайрцагт уяж байдаг.

Бодит амьдрал дээр хайр дурлалын эхний харилцаанууд бидний туршлаггүй байдал, чөтгөрлөг буюу адгуусын чанараа засаж амжаагүйгээс болж тэгэхдээ тэргүй мөхөж байдаг. Тэгтэл бид заавал тэр мөхсөн харилцаа, мөхсөн дурсамжинд өөрсдийгөө уяж, тэнд тоглож байгаа гол дүрүүд нь нэг нэгээ хайрлахаа больсон ч, хүчээр жүжгээ үргэлжлүүлж, ямар нэгэн дурсамжинд өртэй мэт байх гэдэг. Эсвэл хайр дурлалыг хэтэрхий анхны сэтгэгдэлүүдээр төсөөлж, цаашид хөгжиж өөрчлөгдөж, илүү шинэ туршлага хураах боломжоо өөртөө хаасан байдаг.

Эхэн үеийн хайр дурлалууд дээр бид ихэвчлэн өөртөө тохиох хүнээ ер бусын нэгэн байх ёстой мэтээр итгэх, тохиосон хүн нь тийм биш байсан тийм мэтээр төсөөлөх, хайр сэтгэлдээ үхэн үхтэлээ үнэнч байна хэмээн юу ч бодохгүй амлах, олон өөр онол маягийн хийрхэж сүржгэнэсэн үгс болон ойлголтоор харилцаагаа чимэглэж, өөртөө тангараг өргөж байдаг. Хэдэн удаагийн харилцааны туршлага суусны дараа ухаарсан хүмүүсийн хувьд бол юмыг өөрөөр харж эхэлдэг. Бусдын нүдэнд бүтэмжтэй бүтэмжгүй, жаргалтай жаргалгүй харагдах нь чухал биш, өөрийнхөө мэдрэмжинд үнэнч байхын чухлыг, хүмүүс гаднаас татагдаж таталцаж байгаа шигээ дотроо заавал тийм биш байдаг тул хүний мөн чанарыг таних тал дээр анхаарах ёстойг, харилцаа гэдгийг урьдчилан ийм байх ёстой хэмээн баталгаажуулах нь бодит байдалтай нийцдэггүй гэдгийг ойлгож эхэлсэнээр бидэнд сэтгэл санааны эрх чөлөө, болж байгаа явдлыг байгаагаар нь хүлээж авах ухаан бий болж чаддаг.

Эхний харилцаанууд бидэнд суралцах, дамжин өнгөрөх, туршлага хураах, өөрийгөө илүү хүчирхэг болгох, хуурамч өнгөц зүйлд биш үнэнд дурлах ёстойг зааж байдаг тул заавал үзэж туулах ёстой үнэ цэнэтэй зүйл юм. Өнгө болон сэтгэл хөдлөлд хууртах биш хүний дотоод мөн чанар, харилцааны утга учир, нэг нэгэндээ итгэхийн чухлыг таниулж өгөх гэсэн эхний учралууд олон удаа өнгөц зүйлд татагдсан, сэтгэл хөдлөлд автсан байж таардаг нь цаанаасаа л хувь тавилангийн шалтгаантай мэт. Үүний дараа харин бид өөр өөрийнхөө жинхэнэ мөн чанарт таарсан хайрлах арга, хайрлах мэдрэмж, хайраа илэрхийлэх өөр өөр замыг олж авдаг бололтой. Харамсалтай нь зарим нь итгэл алдарч, өөрийгөө хааж, дахин итгэхгүй болж болдог бөгөөд ийм болсон ч гэсэн хүмүүс цаад далд ухамсартаа өөрийнх нь шархыг эдгээх, дахин хайр сэтгэлийг мэдрүүлэх хүнийг байнга хайж байдаг нь хүний өөрчлөгдөшгүй мөнхийн мөн чанар болов уу.

Сэтгэлзүйч, Б. Цэцэгмаа

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.