Амелиа Франклий: 7.3 их наяд ам.доллар бол таамаг төдий үнэлгээ

2019-07-9 Байгаль орчин

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх аян үргэлжилж байна. Аяны хүрээнд найман орны 25 уран бүтээлч, эрдэмтэн судлаачид манай улсад ирсэн. Өчигдөр буюу долдугаар сарын 8-нд “Усны эрх -Хүний эрх – Хөвсгөл нуурын хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм. Энэ үеэр судлаачид олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, Австрали улсын судлаач Амелиа Франклин Хөвсгөл нуурыг 7.3 их наяд ам.долларын үнэ цэнэтэй гэсэн эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн Хүний эрх-усны эрх сэдвээр тавьсан илтгэлд дурдагдсан Хөвсгөл нууртай холбоотой тоон баримтыг үндэслэн тооцооллыг гаргаснаа зарласан юм.

БОАЖЯ-д Хөвсгөл нуурын асуудал хамаагүй юу?

Дэлхийн өвд авахуулхад Монгол Улс өөрөө Хөвсгөл нуураа ямар нэгэн хамгаалалтад аваагүй. Усны талаар нэгдсэн бодлоггүй байгаа нь учир дутагдалтай байгаа аж. Байгал орчны яам “Хөвсгөл нуур”-ийг дэлхийн өвд авахуулах эрдэм шинжилгээний хуралд уриад байхад ирж оролцохгүй байгаа нь тус яам усны асуудалд хэрхэн хандаж байгаа нь ойлгомжтой. Иргэд, нь иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын иргэд санаачлага гаргаж усны асуудлаар үндсэний хэмжээний том хэлэлцүүлэг хийж байхад хариуцсан яам нь үл тоож байгаа нь БОАЖЯ-ны ажил ямар байгааг илтгэж байна. Хүний эрхийн үндэсний комисс идэвх санаачлагатай оролцож байгааг онцлон хэлэх нь зүйтэй байх.

Тус эрдэм шинжилгээний хуралд “Хөвсгөл нуур ээж” ТББ-ын тэргүүн ус, ургамал судлаач эрдэмтэн Ж.Оюунмаа оролцож сонирхолтой илтгэл тавьж байсан юм. Тус хурлаас иргэдэд амьдралын их булаг болсон усаа хамгаалах аянд нэгдээрэй хэмээн уриалж байлаа. Өнөөдөр буюу 19 цагаас ON n OFF продакшинд “Далай ээж” хөгжмийн үдэш арга хэмжээ болно. Энэ наадмыг ивээн тэтгэж үзсэн таны хандив Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэхэд том дэмжлэг болно гэж зохин байгуулагчид нь онцолж байлаа. Энэ үеэр илтгэл тавьсан хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, зарим мэдээллийг асууж тодруулсан юм.

Амелиа Франклий: 7.3 их наяд ам.доллар бол таамаг төдий үнэлгээ

Австрали улсын иргэн, Ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал ба дамжуулал, влокчейнээр дамжуулан төвлөрлийг сааруулах хараат бус хөгжлийн чиглэлийн мэргэжилтэн, Амелиа Франклий өөрийн байр сууриа илэрхийлж Хөвсгөл нуурыг дэлхийн өвд авахуулах соёлын аянд нэгдэж, алс холоос хүүгийнхээ хамт ирсэн байлаа. Түүнтэй эхлээд цөөн хором ярицлсан юм.

-Хөвсгөл нуурыг 7.3 их наяд ам.долларын үнэ цэнэтэй гэж зарлалаа. Энэ хэр бодитой үнэлгээ вэ?

-Анхан шатны таамаг үнэлгээг хийлээ.Үнэлгээг хийхэд интернетийн хурдаас шалтгаалж их бэрхшээлтэй байсан учраас тооцоолол хийхэд шаардлагатай хангалттай программаа татан авч чадаагүй. Монгол Улсын хүний эрхийн үндсэний комиссын дарга Ж.Бямбадоржийн илтгэл тавьж нэлээн олон тоо баримт дурдсан. Жишээлбэл, Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувь байна гэсэн мэдээллийг ашиглаж, энэ үнэлгээг гаргасан. Би сая их давчуу хугацаанд таамаг тооцоо хийлээ. Бүх боломжит мэдээлэл байсан ч болоосой гэж бодож байлаа.

-Яг ямар баримтыг үндэслэв?

-Дэлхийн нийт цэвэр усны үнэ цэнийг 73.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэж тооцдог. Хөвсгөл нуур дэлхийн цэвэр усны нэг хувийг эзэлдэг. Байгал нуурт цутгадаг. Байгал нуурийн 50 хувь нь Хөвсгөл нуураас эхтэй гэдгийг авч үзсэн. Байгал нуур дэлхийн цэвэр усны нөөцийн 2.5 хувь нь байдаг гэдэг тооцоотой. Тэгвэл дэлхийн цэвэр усны нөөц 73.4 их наяд ам.доллар. Үндсэндээ дэлхийн цэвэр усны бүх нөөцийн 10 хувь нь Хөвсгөл нуураас эхтэй гэж үзсэн.Тиймээс Хөвсгөл нуурт хуримтлагдаж байгаа цэвэр усны нөөцийн бүх хэмжээгээр нь 10 хувьтай гэж үзээд 7.3 их наяд ам.доллар гэсэн тооцоог гаргасан. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйл ажиллагаа, аялал жуулчлал нутгийн уугуул иргэд, цаатан, бөөгийн ёс заншилтай холбогдож, эдгээр үнэ цэнэ нэмэгдэх боломжтой. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатанд баримталдаг нэгдсэн системийн тооцоогоор л энэ тоог гаргасан.

-7.3 их наяд ам.долларыг юутай зүйрлэж болох вэ?

-Маш богино хугацаанд энэ тооцооллыг хийсэн учраас шууд зүйрлэж хэлэхэд хүндрэлтэй байна. Өмнө нь үнэлгээг газрын тосны нөөцөөс хамаарч хийдэг байсан. Одоо хүн төрөлхтөн усыг юугаар ч оруулах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ус бол хамгийн чухал нөөц.

-Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах вэ?

– Жуулчны баазад зөвшөөрөл олгохдоо тэнд амьдарч байгаа нутгийн иргэдийг оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж болохгүй. Байгал экологи, нуурыг бохирдуулахгүй байх зохистой харьцааг харгалзаж, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг алдагдуулахгүй чөлөөтэй урьдчилсан мэдээлэлтэйгээр эцсийн шийдвэр гаргах үйл явцыг ашиглахыг санал болгомоор байна. Тухайлбал, Хөвсгөл нуурыг байгалийн нөөц газар гэдгээр бүртгээгүй байгаа нь дэлхийн өвд авахад бэрхшээл тулгарч байна.

-Байгал нуурыг дэлхийн өвд авсан. Тиймээс Хөвсгөл нуурыг зайлшгүй авах ёстой гэсэн харьцуулалтад таны байр суурь?

-Хоорондоо хүйн холбоотой хоёр нуур гэдгийг хоёр орны уугуул иргэд нь байнга ярьсаар ирсэн түүхтэй. Байгалийн өв гэдэг нь анхан шатны хамгаалалт юм. Соёлын өв гэхээр дараагийн шатны анилалд хамгаалагдана гэсэн үг. Хөвсгөл нуур бол дээд шатанд нь бүртгэгдэж хамгаалагдах ёстой гэж үзэж байна.

Ж.Бямбадорж: Усны хэрэг эрхлэх газар зайлшгүй шаардлагатай

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Усны эрх хүний эрх” сэдвээр Хөвсгөл нуурыг дэлхийн өвд авах эрдэм шинжилгээний үеэр илтгэл тавьсан юм.

-Усны асуудал хүний эрхтэй салшгүй холбоотой. Иргэдийн санаачлагад танайхаас өндөр холбогдол өгч оролцож байгаад талархаж байна?

-Байгалийн тэнцвэрт байдлын болон амьд байгалийн оршин байхын үндэс болсон усаар дэлхийн 70 хувь нь бүрхэгдсэн байдаг ч үүний зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм. Гэтэл Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэнгэг усны эөөцийн 70 хувь,дэлхийн цэнгэг усны нэг хүртэл хувийг дангаараа агуулдэг гэсэн тооцоолол байна. Монгол орон дэлхийн гол мөрний ус хагалбар шугам дээр оршдог хэдий ч гадаргын усны ихэнх хэсэг нь хөрш орнуудад цутгадаг. Монголчууд ус чандмань эрдэнэ гэдэг. Гэтэл усаа хамгаалах асуудалд хэнэггүй хандаж байна. Өнөөдөр Гашуунсухайтад нүүрсний цуваа үүссэн шиг Хөвсгөл нуурт яг ийм цуваа үүссэн байна. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг ч эко системийг хамгаалах талаар дорвитой зүйл хийгээгүй. Харин иргэний нийгмийн байгууллагынхан дэлхийн өвд бүртгүүлчих юм бол дэлхий үүнд анхаарлаа хандуулдаг болно гэж энэ санаачлагыг гаргасан байна. Тэгвэл хүйн холбоотой Байгал нуурыг дэлхийд хамгаалж байхад Хөвсгөл нуураа яагаад хамгаалуулах талаар бодоогүй вэ гэдэг бидний арчаагүй байгаагийн илрэл. Дэлхийн өвд бүртгүүлэх талаар Хүний эрхийн комисс өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

-Хүний эрх усны эрхийн талаар та юу хэлэх вэ?

-Усны эрхийн асуудал хүний эрхийн асуудлын анхдагч. Би сая Өмнөговь, Баянхонгор аймгийн говийн сумдаар явж үзлээ. Газар дээрээ үнэхээр эмзэглэх зүйл олон байна. Жишээлбэл, Баянлиг, Шинэжинст сумдад элс нүүгээд уул болсон байна. 2000 оноос хойш хоёр нуурын эргэн тойронд өмнө нь огт байгаагүй зургаан толгой элсэн уул үүссэн байна. Усгүй боллоо гэдэг, гэтэл элсний нүүдэл усыг маш ихээр өөртөө татаж шингээдэг юм байна.

-Манайд ус хамгааллын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-НҮБ-аас дэлхийн хүн амын усны хэрэглээ өнгөрсөн зуунаас хоёр дахин нэмэгдэж, одоогийн тооцооллоор хүн төрөлхтний 40 гаруй хувь нь цэвэр усны хомсдолтой. 2025 он гэхэд 1.8 тэрбум хүн усны хомсдолд нэрвэгдэж, усны хэрэглээ, өсөлт, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж гурван хүн тутмын хоёр нь усны хомсдолтой нөхцөлд амьдарна гэсэн байна.Ус бүх салбарт хамаатай ч олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тавьж буй шаардлагын дагуу ус, ариун цэврийн асуудлыг хүний эрхийн суурь зарчим агуулгад нийцүүлэн төрийн нэгдсэн бодлогоор уялдаа холбоог хангаж үр ашигтай хөгжүүлэхэд хүндрэл үүсч болохоор байна. Иймээс нэн тэргүүнд усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, цэнгэг усны экосистемийн хамгаалалтыг цогцоор нь хэрэгжүүлэх, усны бодлого менежментийг шинэ түвшинд гаргахад төрийн бие даасан бүтцийг байгуулж нэг дор зангидах хэрэгтэй. Хөвсгөл нурын эргэн тойронд 179 жуулчны бааз, гэр буудалтай. Эдгээрийн 83 хувь нь нүхэн жорлон ашиглахаа бол үлдсэн 17 хувь нь шийдвэрлээгүй байна. Мөн ханх суманд 287, Хатгал тосгонд 700 өрх нүхэн жорлон ашиглаж байна.

Б.Баярмаа: Үндэсний хэмжээнд хамгаалж чадахгүй бол олон улсын хамгаалалтад оруулах хэрэгтэй

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлж олон улсын хамгаалалтад авахуулах аяныг санаачлагч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ийн тэргүүн, хуульч Б.Баярмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэл нь юу вэ?

-Хөвсгөл нуурын даацын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн. Даацыг тооцолгүйгээр газар олгосон нь ашиглалт ихтэй газруудаар замагжиж, хад нь хагтаж, нуурын эрэг дагуух замын тоос шороо нуурын мандалд бууж байна гээд сөрөг нөлөөлөлд автсан.Тиймээс Засгийн газар хамгаалалтын бодлогоо чангаруулж, хуулиа хэрэгжүүлэх, нуурын хамгаалалтад доривотой арга хэмжээ авч цаг алдалгүй олон улсын хамгаалалтад авах нь зүйтэй гэж манай иргэний нийгмийн байгууллагынхан үзэж, Хүний эрхийн үндсэний комисс дэмжиж байна. Байгал орчны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хүмүүс найдвартай усан хангамжаар хангагдаж чадахгүй байгаагаас болж өдөрт 4500 хүн нас барж байна. Сүүлийн үед усны төлөөх бүс нутгийн шинжтэй мөргөлдөөний тоо нэмэгдсээр. Ийм чухал стратегийн бүтээгдэхүүн болох ундны усыг зөвхөн өнөөдөр бид ашиглаад зогсохгүй хойч үедээ үлдээх ёстой гэдэг үүднээс Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх санаачлагыг эхлүүлж байна. Хөвсгөл нуураа зоосны нүхээр харах уу эсвэл цэвэр усныхаа 70 хувийг стратегийн бүтээгдэхүүн гэж хараад олон улсын хамгаалалтад авахуулах хэрэгтэй. Үндэсний хэмжээнд хамгаалж чадахгүй бол олон улсын хамгаалалтад оруулах нь зөв гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон улсын өвд авахуулахад нөлөөллийн арга хэрэглэж тэдний анхаарлын төвд оруулдаг юм байна. Тиймээс дэлхийн цэвэр усны нэг хувийг агуулдаг энэ нуураа хамгаалах, дэлхийн хүмүүсийн анхааралд оруулах зэргээр өвд бүртгүүлнэ гэж тооцож байна.

-БОАЖЯ- аас танай энэ санаачлагыг хэр дэмжиж байна вэ?

– БОАЖЯ-д бид асуудлаа тавьсан. Гэтэл бидэнд ЮНЕСКО дэлхийн өвд авахаас татгалзаж байна. Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртүүл гэсэн зөвлөмж өгсөн гэж тайлбарласан.Ингээд энэ аяныхаа хүрээнд шим мандлын сүлжээнд бүртгүүлэхээр ажлаа эхлүүлсэн. Гэхдээ энэ сүлжээнд бүртгүүлснээр хамгаалах асуудал бүрэн хангагдахгүй. Хүн ашиглаж болох нь хэвээрээ байна. Харин бид дэлхийн өв байх ёстой. Яагаад вэ гэвэл дэлхийн өвийн шаардлагыг бүрэн хангаж хосгүй гэсэн шалгуурыг хангаж байгаа.

Хөвсгөл нуур дэлхийн өвийн “Хосгүй” гэсэн шаардлагыг хангасан гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-Хөвсгөл нуурын ус бохирдох юм бол дахин хэзээ ч нөхөгдөшгүй баялаг. Хүн төрөлхтөн олон зүйлийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч усыг орлох бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл гаргаж авч чадаагүй. Түүнчлэн онгон дагшин гэдгээр хосгүй цэнгэг гэдэг гурван шалгуураар хосгүй өвийн шалгуурт тэнцсэн. Мөн улаан номд орсон ховор ургамал, амьтан нутагшиж амьдарч байна. Бараг сүүлчийн ховордсон ан амьтад тэнд байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон үндэслэлээр дэлхийн өвд авах болзлыг хангаж байгаа. БОАЖЯ дэлхийн өвд бүртүүлэхээр бичиг баримтаа явуулсан. Энэ өвийн шаардлагыг хангахгүй гэвэл яагаад соёлын өвөөр нь хангуулж болохгүй гэж. Хосолсон хувилбараар бүртгэх боломж бий. Хэрэв БОАЖЯ өвийн ангилалаар бүртгэж авсангүй гэдгээр шатлалыг нь бууруулах арга хэмжээ явуулбал бид хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр Увс нуурыг дэлхийн өвд бүртүүлсэн манай улсын жишээ байна. Тйимээс өвд бүртгэж автал нь олон улсын хэмжээнд нөлөөллийн ажлыг явуулна гэсэн байр суурьтай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.