Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл буурах боломж бүрдэх юм.
Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлалаа.
Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах давуу талтай. Мөн иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
9 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
2026-01-26
2026-01-26
2026-01-23
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.