НЭГ. Компанийн товч танилцуулга
Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулсан. Улмаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах шийдвэрүүд гаргасан билээ
“Эрдэнэс Монгол” ХХК нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд буюу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдлийн толгой компани бөгөөд нэгдлийн бүрэлдэхүүн дэх хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг төвлөрүүлж, хуульд заасан хэмжээгээр Хуримтлалын санд төвлөрүүлдэг.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд стратегийн үндсэн зорилтдоо хүрч, нэгдлийн тогтвортой өсөлтийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Эрдэнэс Монгол брэндийг бий болгон, стратегийн хөрөнгө оруулагч, дэд бүтэц, логистик, хөрөнгийн чадавх бүхий найдвартай түншүүдийн тоог нэмэгдүүлж, харилцан үнэ цэнийг бий болгох замаар хувьцаа эзэмшигчдийн болон хөрөнгө оруулагчдын өгөөжийг боломжит дээд түвшинд хүргэх нэн тэргүүний зорилгоо тодорхойлсон.
Төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үндсэн зорилгынхоо хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин, хараат болон харьяа хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн стратеги, бодлого чиглэлээр хангах замаар нэгдлийн компаниудын үнэ цэнийг нэмэгдүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай уул уурхайн менежментийн компани болох зорилго, стратегиа тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
- Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
- Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх;
- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, аливаа шүүхийн шийдвэрээр ял шийтгэлгүй байх.
ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, төслийн удирдлагын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; (Гадаад улсын их, дээд сургуульд зэрэг хамгаалсан бол давуу тал болно);
- Нийт 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, үүнээс олон улсын банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагад стратеги тодорхойлох түвшинд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр удирдаж ажиллаж байсан туршлагатай, эсхүл уг төсөл хөтөлбөрт стратегийн зөвлөгөө өгч байсан туршлагатай байх;
- Нэгдлийн болон төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
- Уул уурхайн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн төслүүдийг удирдах чадвартай байх;
- Уул уурхайн салбарын бодлого, макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, байгалийн баялгийн засаглалын асуудлаар бодлогын шинжилгээ хийж, стратегийн хувилбар, бодлогын зөвлөмж боловсруулж ажилласан туршлагатай байх;
- Баялгийн сангийн орлого төвлөрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, бодлогын шийдэл боловсруулах чадвартай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; (IELTS 7.5, TOEFL 100-аас доошгүй оноотой байх, гадаад улсад зэрэг хамгаалсан бол оноо шаардахгүй);
- Компанийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх;
- Нийгэм, эдийн засаг, гадаад зах зээл, өрсөлдөөн, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэг, чадвартай байх.
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
- Анкет (Төрийн албан хаагчийн 2022 он, маягт №1), товч намтар;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаас тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа;
- Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) ;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia);
- Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.
ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
- Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.
- Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг ярилцлагын шалгалтад урина.
- Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдын материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.
- Төлөөлөн удирдах зөвлөл хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгож, гэрээ байгуулна.
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
- Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл цахим хаягаар хүлээн авна.
- Нэмэлт мэдээллийг (976) 99041441 дугаарын утаснаас авна уу.
- Цахим хаяг: hr@erdenesmongol.mn
ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС
- Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх бөгөөд нэг pdf файл болгон ирүүлнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барина.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАСАГЛАЛ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО, АЖЛЫН ХЭСЭГ