Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

2019-07-8 Мэдээ мэдээлэл

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар болон бусад хүмүүст Хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, гавьяат жүжигчин олгох ёслол Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов. Энэ үеэр эрхэм хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравт хөдөлмөрийн баатар цол олголоо. Тэрбээр “Урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний минь гавьяаг үнэллээ. Гэхдээ энэ зөвхөн миний шагнал биш. Миний хамтран ажилласан, дуучид, уран бүтээлчдийн минь шагнал. Тэгээд дээрээс нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн тэр их урлагийг түшиж, гол болгож явсаны минь ач буян юм. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголынхоо хөгжмийн урлагийг өндөрт  өргөж яваарай гэж залуучууддаа захъя” гэсэн юм.

Н.Жанцанноров: Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах хэрээрээ зүтгэнэ

Төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт хөдөлмөрийн баатар цол олголоо. Тэрбээр “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт төрийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээн авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн илрэл бөгөөд түмэн олноо ийм бүтээл хийж, авьяас чадвараа сорьж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орон, нутаг усаараа бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд энэ сайхан орноо, бие биенээ ойлгож, тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах хэрээрээ зүтгэх болно” хэмээлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.