
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг төслийг хэлэлцэх эсэхээр өнгөрсөн долоо хоногт санал хураалт явуулахаар байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгээс завсарлага авч, дуусч байна. Тухайн хуулийн зарим заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн асуудал байна. Зарим гишүүд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, засч сайжруулах байр суурийг илэрхийлж байна. Энэ хуулийн үндсэн баримталж байгаа бодлого нь УИХ-ын гишүүнийг ёс зүй зэрэг хэмжиж болохгүй зүйлээр дүгнэж, ҮХЦ болон шүүхийн байгууллагаас УИХ-д хүргүүлснээр энэ тогтоол хүчинтэйд тооцно. Ард түмний төлөөллийн мандатыг үндсэндээ улс төрийн шүүхээр шүүх боломж, хаалгыг нээж өгч байна. Энэ бол хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй заалт юм гэдгийг олон гишүүн хэлсэн. Ардчилсан намын өөрийнх нь үзэл баримтлалд тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн ардчилсан ёс, Үндсэн хуульд парламентын засаглалаа бататгахыг чухалчилна гэж заасан. Тэгэхээр Ардчилсан намын мандатаар сонгогдсон гишүүд өөрсдийнхөө үзэл баримтлалынхаа зарчмыг сахиж, өөрийн итгэл үнэмшлээрээ асуудалд хандахыг хүсч байна” гэсэн юм.
Ийнхүү санал хураалт явуулахад, гишүүдийн олонхи нь энэхүү төслийг “Үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тодруулбал, санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 57 гишүүн буюу 56.4 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Өчигдөр
2026-04-16
2026-04-16
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.