Өдрийн сурвалжлага
…Хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бол бурханы шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхадын нэг. Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү харьцуулашгүй аугаа хүчтэй гэдэг…энэ бол Цагаандарь эх бурханы талаарх маш товч тайлбар. Тэгвэл энэхүү бурхантай нэр нэг бүсгүйн ээдрээт хувь тавилан, амьдралын бэрх замналаар уншигч таныг алхаасай гэж хүслээ. Түүнийг хоёр охины ээж, төмөр замын вокзал дээр хоёр хоносон бүсгүй гэдгээр нь олон нийт цахим орчинд ичнээ таньдаг болсон. “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйн гэрт түр амьдарч байгаа гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг түүнийг зорьсон юм. Ийнхүү бидний яриа Цагаандарь-Эх бүсгүйн нэрний утга учир, тайлбараар эхэлсэн юм.
“Миний нэрийг өвөө минь өгсөн гэдэг. Чойсүрэнгийн Гэндэн гэж Монгол зурхай, сүнс судлалын академийн доктор хүн байсныг таних нэг нь таних байх. Өвөө хамгийн анх удаа Цагаандарь эх бурханыг Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн байдлаар зурсан юм билээ. Ингээд бурханы хөрөг бүтээж дуусаад жаазлаад тавьж байхад нь би төрж таарсан гэдэг юм. Өвөө аав анхны бурханаа бүтээгээд дуусгаж байх мөчид төрсөн охин гэдгээр нь онцгойлон бэлэгшээгээд надад Цагаандарь-Эх гэж нэр хайрлажээ. Ингэж л миний нэр надад хайрлагдаж. Гэтэл хүмүүс цээрлэдэг үү, хэтэрхий урт санагддаг юм болов уу Эх гэдэг үг нь алга болоод Цагаандарь, Дариа гэж дуудах болсон”. Тэр ингэж ярив. Түүний зан байдал тунчиг зөөлөн үг дуу намуухан аж.
ТУУЛСАН ХИЙГЭЭД ҮҮРЭХ ЗОВЛОН БҮГД ДУУСАХ БОЛТУГАЙ
Ганбатын Цагаандарь-Эх. 23 настай. Хоёр охинтой. Түүний том охин Анударь хоёр ойтой бол бага охин Эгшиглэн дөрвөн сартай. Том охиноо “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийн охины хамтаар цэцэрлэгт оруулчихсан байгаа бол бага охиноо хараад өдгөө сайн хүмүүсийн өглөг буянаар бас ч гэж амьдрах итгэл, урам зоригтой болжээ.
…Цагаандарь-Эхийн түүх намтарыг олж уншсан хүн бүр түүний тангараг, сахилыг мэдэх нь гарцаагүй. Сануулбал, “Цагаандарь Эх Бурханы зэрэгт хүрсэн эмэгтэй хүн цөөн байдгийг үзээд “Би бүсгүй төрөлд байхдаа бодь сэтгэлийг үүсгэж эхэлсэн. Удаах бүх төрөлдөө эмэгтэй хүн болж, Бурханы зэрэгт хүрэн хүртлээ бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг”…
Ганбатын Цагаандарь-Эх. 23 настай. Хоёр охинтой. Түүний том охин Анударь хоёр ойтой бол бага охин Эгшиглэн дөрвөн сартай. Том охиноо “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнийн охины хамтаар цэцэрлэгт оруулчихсан байгаа бол бага охиноо хараад өдгөө сайн хүмүүсийн өглөг буянаар бас ч гэж амьдрах итгэл, урам зоригтой болжээ. Түүний туулах зовлон 2003 оноос эхэлжээ. Сийрүүлбэл,
Зургаан сайхан хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч байсан Ганбатынх гэж айл 2003 онд гэнэт л яасан нь мэдэгдэхгүй бутарцгаажээ. Эхнэр нөхөр хоёр салахаар шийдцгээж түүний төлөөс болж зургаан хүүхэд нь хэний хайр халамжинд үлдэх нь тодорхой биш болжээ. Яг энэ ээдрээт он жилүүдэд Цагаандарийн аав ор сураггүй алга болчихжээ. Өнөөдрийг болтол хаана, яасан нь мэдэгдэхгүй аавыгаа Цагаандарь “Ээжээс салсандаа сэтгэлээр унасан байх” гэдгээс өөрөөр бодож зүрхэлдэггүй гэсэн. Харин ээж нь амьд сэрүүн, үе үе утсаар ярьдаг учраас нэрийг нь хэлэхээс татгалзав. Ээжийнхээ хаана амьдардгийг сайн мэддэггүй. Өөр хүнтэй суучихсан байдгийг л мэднэ гэх. Түүний ээж Төв аймгийн уугуул бол аав нь харин Баянхонгорын хүн юм гэсэн. Цагаандарь эцэг эхээс зургуулаа бөгөөд тэд бүгд цөм Улаанбаатарт төрцгөөжээ.
“Манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байлаа. 2003 оноос өмнө аав ээж салаагүй байхад бид бүгд нэг гэртээ халуун ам бүлээрээ амьдардаг байсан. Тэр үед хамгийн том эгч маань 18 настай л байсан болов уу. Хамгийн бага дүү маань ой гарантай байж. Манай ээж худалдааны техникум төгссөн худалдагч мэргэжилтэй. Аав маань барилгын чиглэлийн мэргэжилтэй хүн байсан. Тухайн үед хүнд зодуулаад бие нь тааруу, байнгын эмчилгээ асаргаатай байсныг нь санадаг юм. Намайг жаахан байхад “Нислэг” гээд их гоё чихэр авчирж өгдөг байсныг одоо тод санадаг. Би дээд талын ахаасаа зургаан насны зөрүүтэй байсан болохоор их эрх. Хоёр ихэр эгч маань надаас арван насаар эгч болохоор бид ер нь дотно байгаагүй юм шиг санагддаг” гэж тэр хэлсэн. Ингэж хэлээд уртаар санаа алдав. “Дүү нар чинь байдаг уу” гэсэн асуултад тэрбээр “Бий шүү. Сүүлийн үед харин нэгэнтэй нь уулзаагүй, холбоо тасарчихлаа. Хамгийн бага эрэгтэй дүүтэйгээ хамтдаа байна” гэсэн юм. Мөн л Цагаандарь дүү нарынхаа нэрийг хэлэхээс татгалзав. Учрыг лавлавал, дүү нар маань өсвөр насны эрэгтэй хүүхдүүд. Одоо хүмүүс хэцүү болсон. Багш нар, ангийнхан нь, найз нөхөд нь гээд бидний ямар замналаар амьдарч ирсэнийг мэдэхгүй хүмүүс олон. Тийм болохоор дүү нарыг минь шоолж гоочилж байгаад гомдоочихвол хэцүүднэ. Тийм болохоор холбоотой байдаггүй ч ах эгч нарынхаа нэр усыг ч мөн хэлэхээсээ болгоомжилж байна” хэмээн учирллаа.
ОХИДЫНХОО ААВД ГОМДДОГГҮЙ
Ингээд төрөхөөсөө өмнө бөөрөө эмчлүүлж эмнэлгээр хэсэг явсны эцэст арваад хоног хэвтэн эмчлүүлсэн. Яг энэ үед миний амьдралд хөл алдах гунигт цаг үе тохиосон юм. Охины минь аав ямар ч шалтгаангүйгээр чимээгүйхэн гэрээ ачаад “зугатчихсан”. Хамгийн сүүлд эмнэлэгт намайг эргэж ирэхдээ “эмч намайг охинтойгоо уулз гэсэн” гэж хэлэхээр нь дүүдээ охиноо тэврүүлээд өгөөд явуулсан. Харамсалтай нь түүний охинтойгоо уулзсан хамгийн сүүлчийн уулзалт тэр байсан.
Аав, ээж, ах эгчдээ “гологдоод” гэртээ хоёр дүүтэйгээ үлдсэн надад хоёр дүүгээ тэжээх их хариуцлага нуруун дээр ирсэн. Тухайн үед арван долоо, наймтай охин амьдралаа болгож, талхны мөнгө олохын тулд тоосгоны үйлдвэрээс эхлээд махны худалдаачин, цайны газарт бэлтгэгч гээд олдсон ажлаа хийдэг байлаа. Ингэж явахдаа 2013 онд охидынхоо аавтай танилцаж байсан. Шинэ амьдрал, шинэ үүрэг хариуцлагатай болж арай гэж л хүний хань, хүний эхнэр ямар байх ёстойг ойлгож ядаж байтал жирэмсэн болж 2014 оны нэгдүгээр сард том охиноо төрүүлсэн. Эхэндээ шинэ хүнтэй боллоо хэмээн амьдралын зовлонг мартаж хагартлаа баярлаж нэг хэсэгтээ л хань ижилтэйгээ жаргалтай амьдарсан. Гэтэл хоёр дахь охин маань олдож зургаан сар гарантай жирэмсэн хэмээн төрөх бэлтгэлээ базааж эмнэлэгт элдэв үзлэг, хяналтад орж байтал бөөрний усжилттай гэсэн онош сонссон. Ингээд төрөхөөсөө өмнө бөөрөө эмчлүүлж эмнэлгээр хэсэг явсны эцэст арваад хоног хэвтэн эмчлүүлсэн. Яг энэ үед миний амьдралд хөл алдах гунигт цаг үе тохиосон юм. Охины минь аав ямар ч шалтгаангүйгээр чимээгүйхэн гэрээ ачаад “зугатчихсан”. Хамгийн сүүлд эмнэлэгт намайг эргэж ирэхдээ “эмч намайг охинтойгоо уулз гэсэн” гэж хэлэхээр нь дүүдээ охиноо тэврүүлээд өгөөд явуулсан. Харамсалтай нь түүний охинтойгоо уулзсан хамгийн сүүлчийн уулзалт тэр байсан.
Дүүг маань “Одоо охиныг аваад харь. Унаа тэрэг зогслоо” гээд явуулсан байсан. Дүү маань надруу залгаад “Аниа манай гэр алга” гэдэг юм байна. Би итгэхгүй дүүгээ надаар тоглоод байна л гэж бодсон. Яахаараа гэр байдаггүй юм гээд загнаж үзэв. “Аниа нээрээ гэр алга. Бид нарын хувцасыг уутанд хийгээд тавьчихсан байна” гэлээ. Ингээд хадам ээж рүүгээ залгатал “Манай хүүхэд одоо өвчтэй зовлонтой хүн тэжээж чадахгүй. Хүүхдээ бид нар солонгос явуулж байгаа” гэж хэлсэн.
Ач зээгээ гээд эмээ өвөө нь одоо ч асуудаггүй. Аав нь болон эмээ өвөө нь бага охин Эгшиглэнгийн царай зүсийг ч хараагүй. Ингэж л охид минь аавгүй, би нөхөргүй болж хоцорсон” гэж ярилаа. “Амьдралд охидыг чинь гэсэн сайн хүн учирах биз. Хүүхдийн заяа түшинэ дээ” гэсэн миний юу хэлэхээ ч мэдэхгүй дэмий тайвшруулсан үгийг анзаарсан уу яасан Цагаандарь зөөлөн инээмсэглэснээ ингэж хариулав.
“Хоёрын хоёр охин үртэй хүн шүү дээ, би. Тийм болохоор дахин эр хүнд итгэнэ гэдэг хүнд. Хойд аавтай байх чинь бас их хэцүү. Би өөрөө хойд аавын хатуурхал, уур уцаар, зодуурыг мэдэрч өссөн болохоор охиддоо ч мөн тэр зовлонг мэдрүүлмээргүй байна. Манай хойд аав, хоёр дүүг минь их зоддог, намайг ч мөн их загнадаг байсан. Охидоо л сайн хүмүүс болоосой гэж боддог. Хүнд хэцүүг битгий туулаасай гэж хүсдэг. Гэхдээ энэ амьдралд муугаасаа сайн нь олон гэдэгт итгэдэг. Нөхрийнхөө надаас холдох тухай шийдвэр яг өөрийнх нь гаргасан шийдвэр байсан үгүйг би мэдэхгүй учраас охидынхоо аавд буруу өгдөггүй. Түүнийг би муу хүн гэж боддоггүй. Бид хамтдаа байхад элдэв муу ааш авир гаргадаггүй, сайн аав сайхан л залуу байсан. Сайхан амьдарч байлаа. Тийм болохоор сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаар түүнийг бодож дурсдаг. Түүнд би одоо гомдлоо гээд ч яах билээ. Хоёр охиноо өсгөх гээд сэтгэлдээ шаналаад явах цаг зав олдохгүй байна. Хүүхдүүд минь эрүүл байвал боллоо” гэдгийг онцолсон юм.
АЙЛ АЙЛЫН ХАЯА БАРААДАЖ ЭЦЭСТЭЭ ВОКЗАЛ ОЛДЖЭЭ
Ганц нэг хонох айл таарвал ганц хонож хоёр хонож болмоор айл таарвал хоёр хоносоор эцэстээ очих газаргүй болцгоожээ. Айл айлаас хөөгдөж явах хөхөө өвлийн хүйтэнд хоёр настай охин нь бээрч даарахын эрхэнд уйлжээ. Гуравхан сартай охиноо тэврээд хоёр ойтой охиноо дүүгийнхээ хамт дагуулаад хаачихаа мэдэхгүй хий дэмий зам дагаад баахан алахсан өдрүүдийнхээ тухай хоолой зангируулан ярив.
Нэгэнт нөхөр нь гэрийг нь ачаад явсан тул орох орон оочих аягагүй үлдсэн түүнд утасныхаа жагсаалтыг шүүж байгаад наашаа гэсэн айлд хоног өдрийг өнгөрүүлэх л сонголт үлдсэн байна. Азаар махны дэлгүүрт худалдагч хийж байхад нь худалдаа хийдэг байсан айлын ахын дугаар руу залгаж нярайлсан учраас эмнэлгээс гаргаж авахыг гуйжээ. Ах ч зөвшөөрсөн гэнэ. Төрсөн ах дүү биш учраас айлд удаан байхын зовлон бишгүй. Эхнэр нөхөр муудалцах бүртээ тэр дөрвийг гэрээсээ явахыг хүсдэг болжээ. Ингээд цагаан сарыг айлд өнгөрүүлж гуравдугаар сарын дундаас эхэлж айлын эхнэрийн ааш оргилдоо хүрчээ. Хүний нялх нойтон хүүхдүүд шөнө оройдоо унтуулахгүй гэр орондоо тухгүй байх нь эхнэрт ч тэр айлын нөхөрт ч тэр хэцүүхэн л байсан биз ээ. Ингээд л нөгөө ах хэлж гэнэ. “Миний дүү тус тусынхаа амьдралын зам мөрөөр явцгаая. Бас ч гэж хүйтэн үеийг давчихлаа” гэжээ. Ахын ингэж хэлэх болсон шалтгаан нь, эхнэрийнх нь гэрээ орхиод гарсантай холбоотой гэнэ. “Бид явахгүй л бол энэ гэр бүл хоёр тийшээ болох нь” гэж бодсон тул арга буюу айлаас “хөөгдөцгөөсөн” гэнэ. Түүнээс хойш наашаа гэсэн болгон руу очжээ. Ганц нэг хонох айл таарвал ганц хонож хоёр хонож болмоор айл таарвал хоёр хоносоор эцэстээ очих газаргүй болцгоожээ. Айл айлаас хөөгдөж явах хөхөө өвлийн хүйтэнд хоёр настай охин нь бээрч даарахын эрхэнд уйлжээ. Гуравхан сартай охиноо тэврээд хоёр ойтой охиноо дүүгийнхээ хамт дагуулаад хаачихаа мэдэхгүй хий дэмий зам дагаад баахан алахсан өдрүүдийнхээ тухай хоолой зангируулан ярив.
Ингээд л толгойт дахь вокзал дээр хоёр шөнийг өнгөрүүлсэн байна. Жижигхэн өрөөнд цөөхөн сандал байсан болохоор хоёр охиноо сандал дээр унтуулчихаад дүүгийнхээ хамт гаран орон байж байгаад өглөө болгожээ.
Хоёрдугаар сарын 16-ны өдөр Цагаандарь бүсгүй “Ачит-Үйлстэн” гэх газар руу фэйсбүүкээр захиа биччихсэн байсан нь аз болж гуравдугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкээр нааштай хариу ирүүлсэнийг олж үзжээ. Воган хүлээж байсан нэгэн сайхан сэтгэлт бүсгүй түүнд утсаа өгч “Миний дүү үүнийг хэрэглэж дуусахаараа эгчдээ хэлчихээрэй. Эгч нь чамаас утсаа авахгүй. Дугаараа өөрөө сэргээгээд авчихна” гэж. Ингэж л утастай болж олон нийтийн сүлжээгээр тус авч “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй холбогджээ.
Ц.СУВД-ЭРДЭНЭ: Г.ЦАГААНДАРИЙГАА ИХ БУЯНТАЙ ОХИН ЮМ ГЭЖ БОДОЖ СУУНА-
Бид “Итгэл сэтгэлийн гүүр ТББ”-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Хандивын аяны явц хэр амжилттай үргэлжилж байна вэ?
-Г.Цагаандарийгаа эмнэлгээс гарах хүртэл зургаан хоног хандивын аянаа үргэлжлүүлэх гэж байна. Чадвал хашаа байшинтай, чадахгүй бол хашаа гэртэй болгочих санаатай байгаа. Би ч анх нэг гэр аваад, айлын хашаанд бариад өгөх юм бодож явтал хүмүүс шал өөрөөр хүлээж авлаа.
-Одоо хэдэн төгрөг цугларсан байгаа вэ?
-2017 оны гуравдугаар сарын 29-ний 11:00 цагийн байдлаар 373 хүн хандив илгээж 5.781.999 төгрөг болсон байна. Дансан дахь мөнгөнөөс нэг ч төгрөг зарлагадаагүй бөгөөд Enkhchimeg Davaadorj эгчийн явуулсан 25 доллараар эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй зүйлс, алчуур аяга халбага, бусад зүйлсийг бэлдэж өгсөн.
-Г.Цагаандарь тантай анх хэрхэн холбоо барьсан юм бэ?
-Фэйсбүүкээр минь холбоо барьсан. Би утасны дугаарыг нь асуугаад шууд л явж очсон. Очиж аваад, буцахдаа яг үнэнийг хэлэхэд хаачихаа мэдэхгүй байсан. Ингээд Г.Цагаандариас “За эгч нь үнэхээр чамайг зөвшөөрвөл зургийг чинь аваад олон нийтэд мэдээлье. Маш олон хүн унших учраас чи шийдээрэй” гэсэн. Цагаандарь ч “Надад нуух зүйл одоо байхгүй, ярьж байгаа бүхэн минь үнэн” гэсэн. Тэгээд л зургийг нь аваад нөхцөл байдлыг нь бичээд фэйсбүүктээ постолсон. Тухайн үед “Хаашаа явах вэ” гэж бодож байгаад “За тусалдаг хэдийнхээ нэгний гэрт хүргэж өгдөг ч юм билүү” гээд бодож байтал утас дуугарсан. Нэрээ нууцлахыг хүссэн эгч өөрийнхөө сувилалд хэвтүүлж өгье гээд залгадаг юм байна. Цагаандарийгаа сувилалд хүргэж өгөөд удаагүй байтал “Улаанбаатар мед” эмнэлгийн гүйцэтгэх захирал залгаад, долоо хоног үнэ төлбөргүй эмчлүүлэх санал тавьсан. Бүх зүйл үнэхээр сайхан дэс дараатай бүтсэн. Г.Цагаандарийгаа би их амны хишигтэй, буянтай охин юм гэж бодож сууна.
-“Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг. Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
(Хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан /Цагаандарьд гэж хийх/
Холбоо барих утас: 88197878)
…Ийнхүү Г.Цагаандарь-Эх гэх 23-хан настай бүсгүйн туулж ирсэн зам мөр энэ. Түүнийг олон нийтийн өглөг хайртай учруулсан өдрүүдийн үр шим үүгээр бүү дуусаасай. Нэг ч болов ээж зовлонг олны тусын тулд гэтэлж нэг ч гэсэн бяцхан үр өглөгийн эздийн хайр хишиг дунд эрүүл энх эсэн мэнд бойжиг. Түүний үүрэх зовлон эдлэх үр дууссан байгаасай.
М.ТУНГАЛАГ
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.