Рольф Шпайт: Үнэлж, тордож чадвал Монголын хөгжил хөдөө л байх шиг санагддаг

2019-10-14 Нийгэм

 

“Монгол Улс бол мал аж ахуйн орон, малаас гарах түүхий эдээ хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах зорилготой. Юуны түрүүнд хөдөө, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулах хэрэгтэй” хэмээн “Pro Value” төслийн ахлагч Рольф Шпайт хэлсэн юм. Тэрбээр 2015 оноос МҮХАҮТ болон Германы ХАҮТ-уудын холбооны хамтын ажиллагааны “Pro Value” төслийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Түүнтэй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсанаа хүргэе.

– Монгол оронд анх ирэхэд Танд ямар сэтгэгдэл төрж байв, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжлийг та хэрхэн төсөөлж байв?

– Би анх 2005 онд Монгол Улсад ирж байлаа. Мэдээж өнгөрсөнтэй харьцуулахад Улаанбаатар хот их өөрчлөгдсөн. Байшин барилга ч олноор баригдаж, өнгө төрх өөр болсон. Харин хөдөө орон нутагт байдал эсрэгээрээ, миний анх очиж байсан үетэй өнөөдрийг харьцуулбал бараг хэвэндээ. Хөдөө орон нутгийн иргэд хот руу шилжин, тэнд хүүхэд хөгшид голдуу үлдсэн харагддаг. Хөдөлмөрийн насны залуус хот руу маш ихээр нүүж байна. Миний бодлоор монголчууд хөдөө орон нутгийнхаа хөгжилд түлхүү анхаарч, тэнд ажлын байр, ашиг орлогыг нэмэгдүүлэх талд нь дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байх.

Манай төсөл 2015 оноос хэрэгжсэн. Төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутагт “Хонь хяргах, мал эрүүлжүүлэх загвар төв” байгуулж, “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өө амжилттай хэрэгжүүлээд байна. Хонь хяргах, мал эрүүлжүүлэх төвийг байгуулах гээд очих үед тэнд нурах шахсан балгаснаас өөр юу ч байгаагүй. Тэр үед энэ төвийг байгуулж чадах болов уу гэж эргэлзэхэд хүрч байсан. Архангай аймагт хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь бага хэмжээний дэд бүтцийн төсөл. Баг төвийн давуу тал, үр ашиг нь ямар байх талаар бодсоны эцэст эрсдэл гаргаад хийх хэрэгтэй гэж шийдсэн л дээ. Өнөөдөр эргээд харахад байгуулагдаад 2 жил болжээ, тодорхой тооны малчдад хүрч ажиллаж байна. Төслийн үр дүнд ноосны агуулах, ноос хяргах хашаа, худаг, мал угаах ванн бий болсон. Ажлын маань үр дүн шууд нүдэнд харагдахуйц байгаад бид үнэхээр сэтгэл өндөр байгаа. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд төслийн багаас гадна нутгийн ард иргэдийн оролцоо дэмжлэг, идэвх зүтгэл ихэд хувь нэмэр оруулсан.

– “Pro Value” төслийн төслийн зорилго, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

– Энэхүү төсөл маань хоёр Танхим хоорондын төсөл юм. Уг төслийн хэрэгжилтийг бизнесийн холбоодын төлөөлөл, олон улсад төсөл хэрэгжүүлдэг Германы “Sequa” байгууллага хариуцдаг. Чацаргана болон хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

МҮХАҮТ болон Германы ХАҮТ-уудын холбооны хамтын ажиллагааны түншлэл анх 1999 оноос эхэлсэн. 1999-2005 онд хамтын ажиллагааны төсөл нь МҮХАҮТ-ын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байв. Ялангуяа шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнестэй холбогдолтой сургалтуудыг зохион байгуулах болон орон нутагт салбар Танхимуудыг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлж ирсэн.

Харин 2006 – 2013 онуудад хамтын ажиллагааны шинэ төсөл нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэн энэ хүрээнд орон нутгийн салбар Танхимаар дамжуулан хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах жижиг төслүүд хэрэгжүүллээ. Төслийн үр дүнд орон нутгийн Танхимуудын нийт гишүүдийн тоо 2006 онд 950 байснаас 2012 онд бараг 2200 болон нэмэгдсэн. Түүнчлэн орон нутагт 450 гаруй ажлын байр бий болсон ба 2000 гаруй иргэд төрөл бүрийн сургалтад хамрагдан тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болох чадавхтай болсон юм.

2015 оноос Архангай болон Увс аймаг дахь салбар ХАҮТ-тай хамтран хонины ноос болон чацарганын кластер багийг байгуулан, сургалт зохион байгуулж байна.

– Архангай, Увс аймаг дахь кластер баг хэрхэн ажиллаж байна, төслөөс явуулсан сургалтад хэчнээн малчин, тариаланчин хамрагдсан вэ?

– Архангай болон Увс аймаг дахь салбар ХАҮТ-тай хамтран хонины ноос болон чацарганын кластер багийг байгуулан, Архангай аймагт 6 удаа Увс аймагт 15 удаа сургалтуудыг зохион байгуулсан ба сургалтад давхардсан тоогоор 600 гаруй хүмүүс хамрагдсан.

Кластер багууд нь чацаргана тариалагч, хонины ноос үйлдвэрлэгч компаниуд, орон нутгийн холбоод, банк болон аймгийн засаг захиргааны байгууллагууд гэх мэт дэмжигч байгууллагуудын төлөөллүүдээс бүрддэг. Салбарын хэрэгцээг тодорхойлж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах нь кластер багийн үүрэг юм. Жил бүрийн төлөвлөлтийн семинарын үеэр оролцогч бүх талын оролцоотойгоор ирэх ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хамтран хэлэлцдэг. Хамгийн үр дүнтэй, хэрэгжихүйц үйл ажиллагаануудыг сонгож, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, мөн судалгаа шинжилгээ хийж, хязгаарлагдмал хүрээнд шинэ, дэвшилттэй тоног төхөөрөмжийг хамтран санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллаж байна. Гол нь зөвхөн нэг компанийг бус, Увс ба Архангай аймгийн кластерийн баг, холбогдох салбарт үзүүлж байгаа туслалцаа, дэмжлэг юм. Кластер багууд нь арга хэмжээг өөрсдөө хэрэгжүүлдэг ба төслөөс түүнд нь дэмжлэг үзүүлдэг.

МҮХАҮТ-ын төслийн баг кластерийн багуудад тогтмол зааварчилгаа өгөх, хяналт-шинжилгээ хийх, ажил гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг нь төслийг тогтвортой, чанартай хэрэгжүүлэхэд тусалдаг.

– Цаашид өөр аймаг, суманд Архангай, Увс аймаг шиг баг төв, кластер баг бий болгох уу?

– Төслийн эхний үе шат буюу 2015-2018 онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд маань сайн туршлага болон жишиг загваруудыг бий болгож чадсан гэж бодож байгаа. Бид төслийн 2 дугаар үе шатандаа эдгээр сайн туршлагуудын талаарх мэдээллийг бусад аймагт түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Жижиг гэлтгүй энэхүү кластер нь сум, орон нутгийн хөгжилд дэмтэй, сайн загвар болж байгаа.

– Орон нутагт түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малчдад тулгам­даж буй ямар асуудлууд байна гэж Та харж байна вэ?

– Малын гаралтай түүхий эдийг хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах нь бидний чухал зорилго юм. Энэхүү зорилгыг биелүүлэхэд сум, багын ард иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор малаа эрүүлжүүлэх, цагаан алт болсон ноосыг зөв технологиор хяргаж бэлтгэх, хадгалах, боловсруулах нь чухал.

“Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөр хоёр жил орчмын хугацаанд гар үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах, эсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдыг хонь хяргах төхөөрөмжтэй харьцаж сургах гэхчлэн цуврал сургалтууд хийгдсэн. Орон нутагт хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж борлуулж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний загвараа сайжруулах, нэр төрлөө олшруулах шаардлага зайлшгүй харагддаг. Боломж байгаа нөхцөлд илүү өргөн хүрээтэй харж сайжруулах хэрэгтэй. Бид орон нутгийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний загварыг сайжруулах талд олон улсын экспертийн сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

– Увс аймгийн тариаланчид кластер багт хамрагдсанаар ямар ахиц гарч байна вэ?

– Кластер багт ороод үйл ажиллагаагаа явуулахаар тухайн секторыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагааг ихэвчлэн зохион байгуулдаг. Увс аймгийн Улаангом орчимд 240 гаруй тариаланч бий. Ер нь төслийн үйл ажиллагаа маань зөвхөн кластерын гишүүдэд биш, тухайн аймгийн нийт тариаланч үйлдвэрлэгчдийг хамруулахыг зорьдог.

Төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын орчим тариаланчид хамрагдсан. Чацарганын багт нэмүү өртгийн сүлжээний шат болгоны төлөөллөөс хүмүүс байдаг. Тухайлбал, чацаргана тариалагч, үйлдвэрлэгч, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг захиргаа болон төрийн байгууллагуудыг нэгтгэсэн.

2015 оноос Увс аймагт чацарганын кластер байгуулах сургалтаас эхлээд чацаргана тариалагчдад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан. Газар тариалангийн ажил эрчимтэй явагдаж байгаа энэ үед Танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд чацарганын аж ахуй эрхлэгчдийн хувьд хэрэгцээ шаардлагыг нь хангасан бас нэгэн ажил хийсэн нь Увс аймгийн Улаангом сумын нутагт орших Тэрэм хад орчмын усжуулалтын шуудууг сайжруулсан ажил юм.

Гашууны гол дагуу 44 чацаргана тариалагч байдаг бөгөөд жил бүр усны гачаалд орж ургацад нь нөлөөлөх явдал гардаг учир аймаг орон нутгийн дэмжлэгээр 20 хувь буюу 15 сая төгрөг, Германы ХАҮТ-уудаас 80 хувь буюу 57.3 сая төгрөг, нийт 72 сая 334 мянган төгрөгийн төсөвтэйгөөр 1200 гаруй метр газар далан, суваг шуудууны ажил хийсэн. Тэрэм хадны орчимд ундарга сайтай байгалийн 3 булаг байдаг ба хуучин ашиглаж байсан цөөрмийн даланг сэргээж усны хуримтлалыг нэмэгдүүлэн улмаар суваг шуудуугаар усыг алдагдалгүйгээр жигд хуваарилах ба тухайн бетон шуудуу нь усыг хуримтлуулах үүрэгтэйг мэргэжлийнхэн дүгнэж байна. Тухайн ажлын өгөөж нь тариалан эрхлэгчдийн талбайд очих усны нөөцийг нэмэгдүүлэх, тэр чинээгээр ургацын хэмжээ нэмэгдэх давуу талтай.

– Чацарганын тархац нөөцийг тогтоох, гарцыг сайжруулах чиглэлд ямар ажлуудыг хийв?

-Бид Увс аймагт 19 сумын зэрлэг болон таримал чацарганын тархцын судалгааг хийсэн. Мөн 2016 оноос эхлэн 3 жил дараалан Увс аймгийн Улаангом сумын чацарганын тариалагчдын судалгааг авч байна.

– Ёс заншил, соёл, амьдралын хэв маяг гээд өөр нөхцөлд малчин, тариаланчидтай ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байв уу?

– Миний хувьд хөгжиж буй орнуудад ажилладаг. Тухайлбал, Украин, Шри-Ланк болон Африкын орнууд гэх мэт. Архангай, Увс аймгийн малчид, тариаланчидтай хамтран ажиллахад ямар ч асуудал гардаггүй. Миний хамтарч ажилладаг багийнхан сахилга баттай, зорилгоо мэдсэн, бие биеийнхээ үгийг сонсдог, тайван хүмүүс санагддаг.

А.СҮРЭН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.