123 жилийн түүхтэй “Тошиба” дампуурах уу

2018-01-17 Ертөнц

Японы нэр хүнд бүхий томоохон брэндийг бий болгосон, 123 жилийн түүхтэй “Тошиба” компани дампуурч мэдэх эрсдэлд оржээ. Тус компанийн удтал хүлээлгэсэн санхүүгийн тайланд дурдсанаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 532 тэрбум иен буюу 4,8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Гэхдээ энэ тайлан мэдээд аудиторууд хараахан батлаагүй байгаа аж.Тийм ч учраас зах зээлийн зүгээс тус компанийн тайланд төдийлэн итгэлгүй хандаж байна.

Асар их алдагдал хүлээсэн тухай энэ тайлангаа “Тошиба” хоёр ч удаа хойшлуулсан бөгөөд энэ хариуцлагагүй явдлын улмаас тус компанийг Токиогийн хөрөнгийн биржийн бүртгэлээс ч хасч магадгүй гэсэн яриа гараад байсан юм.

“Тошиба” компанид санхүүгийн томоохон асуудал үүссэн нь 2015 оноос тодорхой болж, удирдах албаны хэд хэдэн хүн, тэр дундаа гүйцэтгэх захирал нь хүртэл огцорсон билээ. Тухайн үед “Тошиба”-г долоон жилийн ашгаа 1,2 тэрбум ам.доллараар худал өсгөж худал мэдүүлсэн гэж шуугьж байсан юм.

Тэгвэл энэ оны эхээр тус компанийн эзэмшилд багтдаг АНУ-ын цөмийн эрчим хүчний “Westinghouse” компани санхүүгийн хүндрэлд орж, өнгөрсөн сард дампуурлаа зарласан нь “Тошиба”-д хүнд цохилт болжээ. Энэ мэт дараалсан санхүүгийн хямралыг “Тошиба” цаашид тэсвэрлэж чадахгүй ч байж мэднэ гэж компанийн зүгээс урьдчилан мэдэгдлээ.

Энэ долоо хоногт Тайванийн Foxconn компани “Тошиба”-гийн  компьютерийн чипийн бизнесийг 27 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан гэдэг мэдээлэл гарсан. Гэхдээ энэ наймааг хийлээ ч тус компанид үүссэн том асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Компанийн зүгээс бүтэн жилийн санхүүгийн алдагдал нь нэг их наяд иенд хүрч магадгүй гэж өмнө нь мэдээлж байна. Хэрэв энэ хэмжээнд хүрвэл Японы бизнесийн түүхэнд хамгийн том алдагдал хүлээсэн компани болох юм.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.