Ц.Ням-Осор: “Эрдэнэт”-ийн захирлын цалинд 10.000$ санал болгосон нь үнэн

2017-04-5 Мэдээ, мэдээлэл
Хэвлэлийн бага хурал

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр /2017.04.05/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ын гишүүдийн цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч буюу ерөнхий инженер Б.А Кутлиний байгуулсан гэрээнд хөдөлмөрийн хөлс, нөхөн олговор, хөнгөлөлтөд 14 заалт бүхий дараах зүйлс багтдаг байжээ.

  1. Компани нь ажилтанд нэг сарын 10 мянган ам.доллар олгоно
  2. Жил бүр ээлжийн амралтаа эдлэх үед ажилтанд олгох цалинг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материалыг тусламж хэлбэрээр үзүүлнэ. /жилд дунджаар 30 мянган ам.доллар/
  3. Төлөвлөгөөт болон стационар эмчилгээг оролцуулан эмчилгээний зардал, түүнчлэн эмчилгээнд ирж, очих галт тэрэгний зардлыг компани төлөх
  4. Жилд нэгээс доошгүй удаа гэр бүлийн гишүүний хамт амралт, сувилалд явах эрхийн бичгийн үнэ, болон ирэх очих тээврийн зардлыг 100 хувь компани төлнө.
  5. Компанийн зардлаар албаны автомашин хэрэглэнэ
  6. Энэ гэрээний дагуу ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангана.
  7. Ажил үүргээ биелүүлэх явцад осолд орж, эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд таван сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа авна.
  8. Москва хотод, зах зээлийн үнээр гурван өрөө байрыг компанийн зардлаар худалдан авч өгнө. Энэ гэрээний дагуу хоёр жил ажиллаж, компанийн ажлын үзүүлэлтүүд эерэг байсан тохиолдолд энэхүү байрыг түүний өмчлөлд шилжүүлнэ.
  9. Нэг хүүхдийг гадаад улсад суралцах сургалтын зардлыг компани төлнө.
  10. Сурах, дадлагажих, мэргэжил дээшлүүлэх, гадаадын төстэй үйлдвэрлэлийн туршлага судлах зэрэгт гарах зардлыг компани төлнө.
  11. Энэ гэрээ дуусч, буцах үед ачаа тээвэрлэх хөлсийг компани хариуцна.
  12. Ээлжийн амралтаараа гэр бүлийн гишүүдийн хамт /тэдэнтэй цаг болон салангид явахаас үл хамаарна/ оршин суух газартаа галт тэргээр /CB унтлагын вагон/ эсвэл онгоцоор /нэгдүгээр зэрэглэл/ ирж очих зардлыг компани хариуцна.
  13. Гэрээг хугацаанаас өмнө цуцалбал нэг жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

/Тайлбар: Харлуулсан хэсэг нь одоо яригдаж байгаа асуудал. Хувь нийлүүлэгчдийн хурлаас эцэслэнэ/

Эдгээр заалт бүхий гэрээний нөхцөлөөс “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан өмнөх захирлууд бүгд ажиллаж байсан учраас энэ нөхцөлийг хэвээр үлдээх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт ирүүлсэн байна. Харин тэрбээр эдгээр заалтаас зөвхөн дөрвөн заалтыг нь хүлээн зөвшөөрнө, үлдсэн бүх зардлыг хасах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Тухайлбал, тус компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд сар бүр 24,5 сая буюу 10 мянган ам.долларын цалин олгох, компанийн зардлаар автомашин унах, ажиллах хугацаанд амьдрах, амрах, ажиллах нөхцөл боломжийг хангасан орон сууцаар хангаж болно гэхдээ өмчлүүлэхгүй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тиймээс эдгээр шийдвэрийг хувь нийлүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжтой юм байна.

Хурлын үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, ТУЗ-ийн даргын цалинг тус үйлдвэрийн дарга санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Тэр утгаараа өмнөх онд 10 сая төгрөгийн цалинтай байсан дарга гэнэт яагаад хоёр дахин буюу бараг 25 сая төгрөгийн цалинтай ажиллахаар хэлэлцэгдэж эхлэв?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 оны нэгдүгээр сарын 14-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралтай гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнд ерөнхий захирлын цалинг Монголбанкнаас зарласан албан ёсны ам.долларын ханшаар тооцож, сар бүр 10 мянган ам.доллар буюу 24,5 сая төгрөгөөр тогтоох санал гаргасан юм билээ. Энэ талаар өөр мэдээлэл алга.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд 100 хувь аваагүй, энэ процесс үргэлжилж байхад яагаад ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөн томилсон нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Би энэ талаар мэдээллийн хэрэгслээр хэлсэн байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн болсон бэ гэдэгт хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан асуудал нь УИХ-аас гаргасан тогтоол. Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 49 хувийг төрийн өмчид авах шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн учраас энэ шийдвэрийг бид хэрэгжүүлж байгаа. УИХ, Засгийн газрыг зөв буруу шийдвэр гаргасан эсэхийг дүгнэх хүн би биш.

-Хувьцаа эзэмшигчдийн хуралд яагаад “Монголын зэс” компанийн төлөөллийг оролцуулж байж ТУЗ-ийн гишүүдийг нь чөлөөлөх нь зөв үү?

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр УИХ гаргасан. Энэ хүрээнд Засгийн газраас хувьцаа эзэмшигчдийн хурлаа хий гэсэн үүрэг өгсөн болохоос 49 хувь эзэмшигч талтай зөвшилц гэдэг чиглэл байхгүй.

-“Монголын зэс” компанийн зүгээс олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байгаа. Олон улсын шүүх “Монголын зэс” компанийн 49 хувийг төр авсан нь буруу гэдэг шийдвэр гаргачихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Монголын төр.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн томилогдсоныхоо дараа 300 сая төгрөгөөр машин авч унасан гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар тодруулна уу?

-Машин авсан төрийн компанийн захирал байхгүй байхад Эрдэнэт-ээс нэг гараад ирсэн. Засгийн газрын тогтоол зөрчиж байгаа гэсэн асуудал л яригдаж байгаа.

-Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн хурал хийхдээ цөөнх талдаа заавал мэдэгдэнэ гэсэн заалт бий. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон ТУЗ-ын гишүүдийг солих хувьцаа эзэмшигчдийн хурал ямар нэг хууль зөрчөөгүй гэж та хэлэх үү?

-Төрийн байгууллагын шийдвэрээр хувь нийлүүлэгчдийн хурал зохион байгуулагдсан учраас ямар нэг хууль зөрчөөгүй гэж бодож байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.