Цахим орчны хамгаалалт Монголд хангалтгүй байна

2018-05-4 Мэдээ, мэдээлэл
Цагдаагийн байгууллагынхны гаргасан мэдээллээр 2017 оны байдлаар интернет банк буюу цахим банкны үйлчилгээ болон фэйсбүүкээр дамжуулан залилан хийх гэмт хэргийн тоо нэмэгджээ.

Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхий нийтийг чилээсэн асуудал болоод байгаа бөгөөд интернет банк болон цахим төлбөрийн системд халдлага гаргахгүйн төлөө улс орнууд  дор бүрнээ тодорхой ажлуудыг өрнүүлж, хамгаалалтын шинэ технологиудыг дэлхий нийт нэвтрүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч кибер халдлага үйлдэгсэд аргаа нарийсган  хурдаа нэмж буй учир хамгаалалтын системийг бэхжүүлэх, улмаар банк болон хэрэглэгчид мэдээллээ нууцлах нь зүйтэй гэдгийг “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумын төлөөлөгчид онцоллоо.

ХААН Банкны санаачилгаар Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумыг зохион байгуулж, банк санхүүгийн салбарын 200 гаруй төлөөлөгч уг асуудлаар санал солилцсон юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ, “Цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн эрсдэл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун сэдэв юм. Өнөөдрийн форумаар техник технологийн дэвшлийг банкнууд нэвтрүүлж буй ч эрсдэлээ давхар авч явахын тулд юу хийх вэ гэдэгт төвлөрлөө. Харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцлахын тулд нууцлал хамгаалалтын систем сайн байх ёстой. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг сайжруулах нь чухал. Тиймээс Монгол банк 2018 оныг санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарлаж, нэгдүгээр сараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян” өрнүүлээд байна” гэлээ.

Форумаар цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөв.

Манай улсын 2 сая орчим иргэн банкны карт ашигладаг. Картын мэдээллийн нууцлалыг сайжруулахын тулд соронзон тууз бүхий картыг чип рүү шилжүүлэх шаардлагатай гэдгийг гадаадын мэргэжилтнүүд хэлэв.

EMV чипийг манай улсын банкнууд олон улсын картад нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд хоёр жил шаардагдана гэдгийг албаныхан тодотголоо.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл, “ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Өнөөдөр цахим банкны аюулгүй байдал зөвхөн манай банкны асуудал биш нийт банк санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийн өмнө тулгарч буй бэрхшээл. Энэ утгаараа цахим банк болон төлбөрийн картын нууцлал руу нэвтрэх асуудлыг хязгаарлахад талууд хэрхэн нэгдэж ажиллах вэ гэдэгт гаргалгаа олохын тулд анхдугаар форумыг зохион байгууллаа. Нэг сая гаруй хүн ХААН Банкны төлбөрийн картыг эзэмшиж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хийх зүйл их байна” гэсэн юм.

Цахим орчин хөгжихийн хэрээр хуурамч хаягууд олширч мөнгө залилах, иргэдийн и-мэйл хаяг руу хуурамч мэдээлэл ирж,  энэ хэрээр кибер ертөнцөд залилуулах гэмт хэрэг нэмэгдсэнийг цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд олон нийтийн мэдлэг боловсрол сэдэвт хэлэлцүүлгээр Цагдаагийн ахмад У.Батнасан онцлов.

Түүнчлэн цахимаар хуурамч мэдээлэл илгээн нууц дугаарыг мэдэж залилан хийсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, 50 мянган иргэнээс 7 мянга гаруй нь интернет банкныхаа мэдээллийг өгсөн байна. Ийнхүү мөнгө зээлээч гэсэн захиа ирэхэд хууртан мөнгөө шилжүүлэхгүй байхыг цагдаагийнхан сэрэмжлүүлэв. Цаашид иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь чухал гэдэгт форумын төлөөлөгчид төвлөрлөө.

Мөн томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байсан хэрэг саяхан гарчээ. Тиймээс үйлчилгээний байгууллагууд иргэдийн картын дугаарыг асууж, дур мэдэн хийх явдлыг хумих нь чухал гэдэгт төвлөрч хэрэглэгчдийг картын нууц дугаараа бусдад хэлэхгүй байхыг уриалав.

Дашрамд дуулгахад, Монгол Улс Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Д.Эрдэнэсувд

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.