Улс төрийн дайралт зарим хүнд чухамхүү хэрэгтэй байх юм. Буйдантай, будангүй, гадна дотно гэдгээс үл хамааран уриа лоозон барьж, жагсахын зэрэгцээ эрх баригчдад шаардлага хүргүүлэх нь Төрийн ордонд суугаа эрхмүүдэд таалагддаг гэж хэн санах билээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жиргээчид 2012 онд утаагаа шийд гээд манай нам руу өнөөдрийнх шигээ дайраад өгөхгүй. Тэгсэн бол бид 70 мянган ипотектээ найдалгүй шууд дайрах байж” хэмээн жиргэжээ. Уг нь тэр үед ээж, аавууд нэгдэж жагсаал зохион байгуулсан бол шинэчлэлийн Засгийн газар шийдэмгий алхам хийх байж. Тийм боломж ч тэдэнд байсан биз. Хамгийэн баян Засгийн газраар нэрлэгдсэн тул мөнгийг баруун, солгойгүй цацаад ч болов утааг хөөгөөд гаргах байсан нь дамжиггүй. Гэвч тэднийг хэн ч шахаж шаардаагүй төдийгүй жагсаал цуглаан зохион байгуулаагүйгээс болж нүүрсийг хямдруулан тарааж, утааг “дэмжсэн”-ээрээ эцэст нь “хэцүү нэрт”-ийнд зочилсон юм даг уу.
Иймээс ганц утаа гэлтгүйгээр асуудал бүр дээр жагсаал цуглаан хийх нь оновчтой гэсэн дүгнэлт. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг МАН шинэчлэн боловсруулахдаа С.Жавхлан, Н.Энхбаяр хоёрт хориг тавьсан гэх гоморхол Төрийн ордноос цуурайтдаг. Тэгвэл тэд дэмий үглэж суухаар гарч жагсаал цуглаан хийж, эрх баригчдыг буланд шахах нь илүү оновчтой оролдлого бололтой. Парламентад сууж, тэр ч бүү хэл сайд байсан авхайн үгийг С.Жавхлан мэтийн залуу гишүүд нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргахын оронд хүлээн авч хүндэтгэлтэй хандах нь зүйд нийцэлтэй мэт. Үнэндээ эрх нь хасагдсан хоёр эрхмийн хэн хэнд нь талбайг дүүргэх хүний нөөц бололцоо хангалттай бий. Н.Энхбаяр ганц шүгэлдэхэд эмээ, өвөө нар таягаа тулсаар ирэх вий. Харин С.Жавхланд морьтон ард нь бий. Яг л дайн тулааны үе шиг морьтон хороотой, таягтай жагсагчидтайгаар сүрийг үзүүлж, эрх баригчдыг хэлэх үггүй болгох сайхан боломж.
За тэгээд тэдэн дээр гишүүн асан Г.Уянга ч гүйгээд ирж мэднэ. Хэр баргийн жагсаал цуглааныг зүгээр өнгөрөөдөггүй тэрбээр цагаан хоолой барьсаар ирэх нь дамжиггүй. Урин дулаан цаг ч хаяаллаа. Цаашлаад хаврын эмгэг нь сэдэрсэн эл хүрээний эзэндээ гомдсон, шарлахсан, тунирхагчид бишгүй гарч ирнэ. Ялсанаас бусад нь бүгд эсэргүү нөхөд болон хувирч, ямар нэгэн шалтаг, шалтгаан тоочин гудамжинд гарна. Ингээд л хэдэн арван мянган хүн цуглаж, ганц намын эсрэг босно доо. Ай даа, Ц.Оюунгэрэл гишүүнийг ийм ухаантай байсныг яагаад олж харсангүй вэ. Золиг гэж.
Д.Дорж
18 минутын өмнө
1 цагийн өмнө
1 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87382
30496
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.