Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2017-05-18 Булган

Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сум Туул голын хөндийг дагасан алтны уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд олон байна. Сүүлийн жилүүдэд  Засгийн газраас хариуцлагатай уул уурхайг ихээр ярих болж олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг хийх болсон. Нөхөн сэргээлт хийж байгаа газар байхад хийхгүй газрууд ч мөн байна.

Тус аймгийн Бүрэгхангай сумын газар нутгийн 35 хувь нь уул уурхайн хайгуулын болон олборлолтын лицензтэй. Төмрийн хүдэр, алт, молебдиний чиглэлээр тусгай зөвшөөрлүүд олгогдсон байна. Одоогоор тус сумын газар нутаг дээр 9 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Уул уурхай хөгжиж байгаа газар байгалийн унаган хэв шинжээ алдаж байгалийн доройтолд ордог. Сүүлийн жилүүдэд яригдах болсон хариуцлагатай уул уурхай, олборлолтын дараах нөхөн сэргээлтийг хийж байгаа аж ахуй нэгж байхад хийхгүй орхих, сэтгэлгүй хандаж байгаа аж ахуй нэгж Бүрэгхангай суманд байна.

Эл сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга биечлэн танилцлаа. Өнөөдөр алтыг нь аваад, авдрыг нь хаяж байна уу? Үгүй юу? гэдгийг газар дээр нь очиж үзсэн. Хүнд машин механизм, олон арван техник хэрэгслийн хүчээр газар доорх баялгийг нь хүртчихээд хаяад явдаг бизнесмен төдийгүй, төрийн албан хаагчид ч байгаад харамсаж байна. Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж байгаа 9 аж ахуй нэгжийн 1-ийг нутгийн хүн ажиллуулдаг байна. “Өгөөж баян хангай” компани 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор нийт 17 га –д биологийн нөхөн сэргээлт, 15 гад техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгээд байна. Нутгийн хүний нутаг орноо гэх сэтгэл их байна. Аль болох нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, нөхөн сэргээлтийг хийж ажиллахыг тэд чухалчилдаг гэнэ.

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.