БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Булган аймагт ажиллаж, боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, соёл, спортын салбарын ажиллагсадтай уулзалт хийлээ.
БСШУСЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нарын хүмүүс салбарын сайдын хамт тус аймагт ажиллалаа.
Энэ үеэр багш нарын зүгээс “Багшийн ажлын ачаалал их байна. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Багш нарт сум, орон нутгийн анхан шатны болон боловсролын захиргааны байгууллагуудаас олон төрлийн давхар ачаалал өгдөг зүйл байна. Багш нарын дунд энэ талаар хэлэлцүүлэг хийсэн. Багш нар ачаалал нэмэгдүүлж байгаа 400 гаруй ажил бичиж өгсөн. Сумын Засаг даргын хэлэх үг, аймгийн Засаг даргын мэндчилгээ бэлтгэдэг гэнэ. Шат шатны сургалтын байгууллага олон ажлаар багш нарыг дардаг. Янз бүрийн ажил гээд үндсэндээ хийж байгаа ажлынхаа 37 хувийг багшлахад зарцуулж байна гэсэн судалгаа гарсан” гэдгийг тодруулав.
“Энэ бүхнийг ойлголоо. Иймээс тэд багшлахаас өөр ажил хийх ёсгүй. Энэ асуудалд онцгой анхаарна” гэж сайд Ё.Баатарбилэг уулзалт дээр хэллээ.
Тэрбээр багшийн чанар, багшлах боловсон хүчин бэлтгэх тогтолцоо, сургалтын агуулга, салбарын хөрөнгө оруулалт зэрэг асуудлын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Уулзалт дээр Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал П.Янжмаа, Хутаг-Өндөр сумын сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ, аймгийн музейн ажилтан Ж.Ганбат, номын сангийн эрхлэгч Ч.Баярмаа, Булган сумын нэгдүгээр сургуулийн багш Г.Жаргал нарын хүмүүс санал хэлж, боловсрол, соёлын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх хүсэлт гаргалаа.
Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын шийдвэрийг яаралтай гаргуулах, аймгийн төв номын сангийн засварын хөрөнгө, Булган сумын 4 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгын санхүүжилт зэргийг ирэх оны улсын төсөвт тусгах, сургалтын агуулга, стандарт, соёлын салбарын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг судалж шийдвэрлэх талаар анхаарна гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.