Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот энэ сарын 8-11-ний өдрүүдэд ер бусын их хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Үлэг гүрвэлийн парк, “Говь гурван сайхан” цогцолбор газар, Оюут музей, Ёлын ам зэрэг жуулчдын сонирхлыг гойд ихээр татдаг газрууд нь мянгаар тоологдох зочдыг хүлээн авч, амралт үйлчилгээний газрууд нь зуугаар тоологдох хүмүүсийн хөлд дарагджээ. Дундговь, Дорноговь, Баянхонгорын дугаартай автомашинууд нийслэлээс ирснийг нь илтгэх “У”-гаар эхэлсэн дугаар зүүсэн автомашинуудтай холилдон Даланзадгадын гудмаар сүлжилдэнэ. Гэнэтийн энэ их хөл хөдөлгөөн Ардчилсан намын “Говийн бүсийн чуулган”-д уригдан ирсэн зочид төлөөлөгчдийнх байв. Ардчилсан нам шнэчлэлийн бодлогынхоо хүрээнд жил бүр бүсчилсэн чуулгануудаа хийхээр болсон.
Энэ жилийн хувьд дөрвөн аймаг, нийслэлийн хоёр дүүргийг хамруулсан Зүүн бүсийн чуулганаа өнгөрсөн наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд хийсэн бол отгон чуулганаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Жуулчин говь” жуулчны баазад хийхээр ирсэн нь энэ. Бүсийн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Ардчилсан намын үзэл баримтлалын төслийг хэлэлцэж, УИХ-ын хаврын чуулганы мэдээлэл, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, намын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж байгаатай танилцуулсан нь гишүүд ийн олноороо хүрэлцэн ирэх шалтгаан болжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, намын удирдлагуудын илтгэлийг сонсч, Монголын улс төр, нийгэмд өрнөж буй үйл явдлын талаар шинэ соргог бодитой мэдээлэл авсандаа орон нутгийн намын гишүүд олзуурхаж байсан юм. Энэ өдрүүдэд мөн төрийн болон намын шагнал авсан гишүүддээ Ардчилсан намын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулж өгөхийн зэрэгцээ урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж шагнаж урамшуулсан юм. Бүсийн чуулганд ирсэн гишүүд Ардчилсан нам шинэчлэгдсэнээр жирийн гишүүдийнхээ оролцоог дээшлүүлж аливаа асуудалд бүх гишүүдийнхээ саналыг авдаг болсныг онцолж, бүсийн чуулгануудаар замжуулан улс төрийн идэвхийг сэргээж, мэдлэгийг нь дээшлүүлж байгаад талархалтай хандаж байв. Мөн нам нэгдсэн нэг цул хүчин болсноор 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, эрх баригчдын алдааг засч, сайныг нь дэмжих хүчтэй сөрөг хүчин бүрдүүлж байгаад намын удирдлагууддаа талархал илэрхийлж байсан юм. Ийнхүү дөрөв хоногийн турш Өмнийн говьд чуулсан ардчилагчид шинэ соёл, шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэхээр нутаг буцацгаав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.