УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувийн саналаар ийнхүү Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат огцрохоосоо өмнө “Эрх мэдлийн төлөө Засгийн газраар туг тахилаа” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.
Харин одоо хуулийн дагуу Засгийн газрыг 30 хоногийн хугацаанд бүрдүүлэх учиртай. Энэ хугацаанд одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэнэ.
Тэгэхээр 1996 оноос хойших 12 дахь удаагийн Засгийн газар албан ёсоор огцорч, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох боломжийг эрх баригчид өөрсөддөө олгов. Түүхэнд анх удаа МАН-ынхан өөрийн Засгийн газраа ийнхүү унагаж, дүрэмгүй улс төрийн нүүдэл хийв. Тодруулбал, МАН-ын 30 гишүүн дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гарын үсэг зурсан байсан бол С.Батболд, Ч.Улаан нар санал хураалтын үеэр кнопоо дарснаар эрх баригчдын 33, АН-ын найм, бие даагчтай хамтраад Засгийн газраа огцруулав. Мөн бие даагч С.Жавхланд санал тавьж, хүч нэмсэн нь ил боллоо. Тэрбээр өөрт нь сөрөг кноп дарах санал тавьсныг шударгаар мэдэгдсэн юм.
Мэдээж сүүлийн үед өрнөсөн үйл явдлаас харахад Засгийн газрыг огцруулах ажиллагаанд УИХ-ын гишүүдээс гадна Шадар сайд У.Хүрэлсүх гол үүрэгтэй оролцсон. МАН-ын дараагийн дарга хэн байхаас Засгийн газрын тэргүүний хувь заяа шийдэгдэнэ. Олон нийтийн дунд ч, МАН-ын дэмжигч, нөлөө бүхий зарим нэгний хэлснээр дараагийн дарга У.Хүрэлсүх болно гэсэн таамаг байсан ч өнгөрсөн өдрүүдэд эрх баригчид тэс хөндлөн тохироо хийсэн гэх бор шувуу Төрийн ордноор эргэлдэж эхэллээ.
Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараагийн Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Харин энэ хугацаанд МАН Бага, Их хурлаа товлон зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагыг намын удирдлагууд хүлээнэ. МАН-ын Бага, Их хурлуудын тов зарлагдаагүй ч Бага хурал энэ сард, Их хурал аравдугаар сарын эхээр болох төлөвтэй байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
С.Гэрэлчулуун
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.