Гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 болжээ

2017-09-5 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр нэлээд орой болтол хуралдсан мэдээтэй байна. Ямартай ч тус хуралдаанаар сүүлийн үед хөвдөнд тавьсан түймэр мэт нийгэмд элдэв янзаар хэлэлцэгдэж буй Засгийн газрыг огцруулах асуудлаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцжээ.

Ингээд Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан байна. Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагт хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэх товтой байв. Гэвч бүлгийн хуралдаан 15:00 цаг болж хойшиллоо.

Бүлгийн хурлаар Удирдах зөвлөлөөс гаргасан ‘Засгийн газрыг тогтвортой байлгах тухай’ тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэгдэж буй. Уг тогтоолыг олонх дэмжвэл Засгийн газар тогтвортой үлдэнэ. Гэвч гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 болсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр  ‘Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүний хувьд байхгүй. Миний ойлгож байгаагаар өнөөдөр хоёр хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Зурсныхаа дараа өөрсдөө мэдээлэл хийх байх. 33 гишүүний гарын үсэг бүлэг дээр олонх болно гэж би бодож байна’ гэв.

С.Гэрэлчулуун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.