Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахыг шаардлаа

2017-07-4 Нам хөдөлгөөний амьдрал

Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэрийг татуулах асуудлаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардах бичиг хүргүүллээ.

Шаардах бичигт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нь ард түмний өрийг тэглэнэ хэмээн амлаж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хишиг хувь хувьцаа өгөх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авч сурталчилгаа хийх гэсэн гурван заалтыг зөрчсөн учир нэр дэвших эрхийг хасч, нэрийг нь татах ёстой хэмээн дурджээ.

Энэ талаар “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Д.Батболд “АН-ын сонгуулийн төв штабынхан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга иргэдийн саналыг худалдан авахад чиглэсэн ажлыг хууль бусаар буюу дахин санал хураалтын цаг үетэй давхцуулан хийж байна. Дахин санал хураалт хүртэл сурталчилгаа хийхийг албан ёсоор хориглосоор байтал зарим нэг телевиз, олон нийтийн сүлжээгээр МУГТ Н.Түвшинбаяр, МУГЖ Д.Хүрэлхүү нарын оролцон тоглосон сурталчилгааны агуулга бүхий нэвтрүүлгийг түгээж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Тиймээс бид СЕХ-нд албан ёсны шаардлагаа хүргүүлж, хариуг 48 цагийн дотор авахаар болсон. Хариуг эс өгвөөс бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.