Хамт боссон юм, хамт унана л гэж үзэх хэрэгтэй дээ

2024-10-22 Uncategorized


За энэ бол том сургамж шүү. Сонгуулиар олонд танигдсан, олзлох олон боломжтой М.Нарантуяагийн нүүрийг хувилж өмсөөд, бүүр 200 саяыг халааснаас нь гаргуулаад, нэгэнт хэн ч тоож харахгүй болсон, нэргүй нүүргүй дүр төрх, дүрс хэлбэрээ сонгуулаад амжина. Сонгуулийн дараа нөгөө Нарантуяа хэмээх багаа тайлж шидээд, тааваараа жаргаж, дураараа дургина. 2024 оны эхээр улс төр судлаачид энэ талаар аль эрт яриад эхэлчихсэн байсан. Залуу, шинэ үе, олны танил хүмүүсийг өмнөө оруулж, өнгөө өөрчилж байгаад, нөгөө л улс төрд удаан бугшиж, удмаараа шургалсан хүмүүс сонгуульдах гэж байна аа, залуус аа, элсэх нам, зүтгэх хүчиндээ болгоомжтой хандаарай гэж тоймлосон юм даг. Хамгийн түрүүнд, хамгийн эрт эхэлж байгаа нь л ИЗНН-ын Батбаатар Нарантуяа хоёрын явдал болж байна. Нара алдаа гаргасан уу гэвэл гаргасан, гэхдээ олны нүдэн дээр түүнийгээ засах гэж хичээж, залруулах гэж зүтгэж явна. Гэвч энэ нь Батбаатарт бас хэзээ ч хангалттай биш, улс төрийн хэлхээ холбоо олонтой, хэвлээр явагч шиг хэлхэлдсэн энэ хүн Нарантуяаг эргүүлэн татуулах тохироогоо аль эрт амдаад хийчихсэн, зөвхөн боломжийг хүлээж байгаа юм биш үү гэж сарын өмнө бичиж байлаа. АН, МАН ч ялгаагүй, жагсаалтын хэдэн залуугаа чухам баг төдий, баримжаа өдий гэж л эрэмбэлсэн, тэр залуусын төгссөн сургууль, төрсөн эрин цагийг л ашигласан. Учир нь өөрсдөд нь тэр сайхан сургуулиудад төгссөн диплом, тийм сайхан өө сэвгүй нэр төр байхгүй юм лдаа. Энэ тохиолдолд Нарагийн дагагч дэмжигчид Батбаатар байхгүй, үзээд өгье гэсэн ч үгүй. Батбаатарын яаж ч яваад юм, золоор толгойлсон, угшил сайтай ИЗНН Нарад байхгүй, бие даагаад ч лайвдсаар байгаад гарна гэж ёстой үгүй. Тэгэхээр хэн хэндээ нөхөөс, хэлтгий хазгайдаа ивээс болсон нь бас үнэн. Эхнийх нь ИЗНН-ын хувьд Нарантуяагаар эхэлж байна, араас нь бусад намынхан хэн гэдэг багаа хэрхэн элдэвлэсээр тайлан шидэхийг цаг хугацаа, наймаа хэлэлцээр л харуулна. ИЗНН-ыг Нара өргөөд босгосон нь үнэн, Нара өөрөө лайвчин, Батбаатар өөрөө балай авагч нь ч үнэн. Аль аль нь сайхан хоршсон, сайн ч авалцаж байна. Төрийн явдал төөхөн, түмний явдал тиймхэн болсны тод илрэл шүү дээ. Аа харин Нара нэгэнт дэд даргаасаа шидүүлснийх, гишүүний суудал нь ганхсаных, улс төрийн нам доторх ужиг хуйвалдааныг ураад гаргаад ирээсэй, хамт боссон юм, хамт унана гэж л үзэх хэрэгтэй. Яадаг юм, яг үнэндээ ИЗНН идэш уушны хуйвалдаанд Нараг явуулж байж л хөл тавихгүй бол лайваар алуулж, лаан хөшөөгөө бариулж, умаа хум уншуулна, угаасаа тэрнээсээ айгаад л Наратай халз үзээд, хажуугаар нь балбаад байгаа юм! Одоо бол ИЗНН улс төрийн том намуудын тоглоом болчихлоо, тонгоруулж байна даа, хэн хэн нь. Хоёуланг нь хэн ч биш болгоод дуусна.

Нийтлэлч Р.ЭМҮЖИН

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.