Б.Цэцэгсайхан: Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд муу жишээн дээр яригддаг болсон

2022-12-28 Эрүүл мэнд

 

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон Хавдарын үндэсний зөвлөлийнхөнтэй уулзалт хийж, тус зөвлөлийн тэргүүн, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан “Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсан юм.

-Та Швейцарийн холбооны улсын Женев хотноо болсон хавдарын талаарх дэлхийн олон улсын хурал мөн АНУ-ын Мемфис хотноо зохион байгуулсан Сэнт Жүд глобал олон улсын хуралд оролцож туршлага судлаад ирсэн гэсэн. Оролцсон хурлуудынхаа мэдээллүүдээс сонирхуулна уу?

-Дэлхий нийтийн хэмжээнд хорт хавдраас хэрхэн яаж сэргийлж байгаа талаар улс орнууд өөрсдийн нөхцөл байдал болон сайн муу жишээн дээрээ ярилцан цаашид хэрхэх талаараа хэлэлцлээ. Ер нь дэлхийн чиг хандлага өвдсөний дараа биш өвдөхөөс урьдчилан сэргийлэх гэсэн зарчмыг барьдаг. Өөрөөр хэлбэл, хавдар үүсгээд байгаа шалтгаантай нь тэмцэх талаар ярилцдаг.

-Дэлхийн хэмжээнд ямар хорт халдвар илүү тохиолдож байна вэ?

-Дэлхийн хэмжээнд хавдрын тохиолдол өндөр хөгжилтэй орнуудад их байдаг. Манай орны хувьд хавдрын тохиолдол ихтэй орнуудын тоонд дээгүүр байр эзэлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар зонхилон тохиолдож байна. Түүнээс гадна бүдүүн шулуун гэдэсний хавдар байна. Эрэгтэйчүүдийн хувьд уушгины хавдар, түрүү булчирхайн хавдар дэлхийн хэмжээнд зонхилон тохиолддог. Дэлхий нийтэд уушги хөхний хавдар их харагдаж байгаа бол манай орны хувьд эрэгтэй эмэгтэй аль аль хүйсийн хувьд элэгний хавдар зонхилж байна. Нэг номерын хавдар гэж ойлгож болно. Мөн эрэгтэйчүүдэд ходоод, уушги, улаан хоолойн хавдар их байна.

Энд нэг зүйл онцлоход, дэлхийн хэмжээнд тархсан бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар манайд харьцангуй бага байдаг. Харин манай улсад эмэгтэйчүүдийн хувьд, умайн хүзүүний хавдар их тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, Монголд урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд зонхилон тохиолдож байна. Элэгний хавдраас урьдчилан сэргийлэх боломж бий. Тухайлбал, вакцинжуулалтад хамрагдах, мөн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломж нөхцөл бий.

-Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар нь зонхилон тохиолддог 10 хорт хавдрын тавдугаарт ордог. Жилд дунджаар 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа статистик бий. Гэтэл ДЭМБ-аас умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой талаар мэдээлдэг. Гэвч манай улсад энэ төрлийн өвчлөл яагаад буурахгүй байна вэ?

-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ч манай улсад яах аргагүй өндөр байна. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёрдугаарт бичигддэг. Тархалт их гэсэн тоон үзүүлэлттэй байдаг. Тэгвэл дэлхийн улс орнууд уг хавдраас урьдчилан сэргийлэх, бүрмөсөн устгах зорилт хэдийн тавиад эхэлснийг энэ удаад онцлох нь зүйтэй болов уу.

Тухайлбал, Швейцари улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдарыг бүрэн устгах бодлого барьж байгаа бол Африкийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, охид хөвгүүдээ урьдчилан сэргийлэх вакцинд 80 хувьтай хамруулжээ.

Одоогийн байдлаар эл төрлийн вирусээс сэргийлэх “Гардасил” вакциныг дэлхийн 110 оронд нэвтрүүлэн, хэрэглэж байна. Тэгвэл манай улс 2012 онд уг вакциныг нэвтрүүлэх гэж оролдоод, бүтэлгүйтсэн удаатай. Харин саяхнаас дээрх вакциныг импортлон, ХӨСҮТ-д сайн дурын үндсэнд дархлаажуулалтыг зохион байгуулж эхэлжээ. Одоогоор уг вакцин нь 10 жилийн дархлаа тогтоож буйг олон улсын эрдэмтэд нотлоод байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүмүүс умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папилома вирусийн халдвар авахгүй гэсэн үг. Улс орнууд сэргийлэх боломжтой хорт хавдруудтай ингэж тэмцэн, бүр устгах зорилт тавьж байхад харин манай эрх баригчид дээрх вакциныг товлолын дархлаажуулалтад хамруулахгүй, хойрго хандсаар байна. Манай зөвлөлөөс вакцины судалгааг охидуудад хийхэд ямар нэгэн эмгэг үүсээгүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд хэвийн явагдсан байдаг.

-Сүүлийн үед хүүхдүүд хавдраар их өвчилдөг болжээ. Шалтгаан нөхцөл юу байна. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх боломж хүүхдэд байдаг уу?

-Хүүхдийн хавдрыг онцгой анхаарч байгаа. Яагаад гэвэл эмчлэх боломж бараг байхгүй. Өндөр хөгжилтэй орнууд эмчилгээ хийдэг бол бага дунд орлоготой улс оронд эмчилгээ төдийлөн сайн байгаагүй. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр маш том санаачлагууд гараад хүүхдийн хавдрыг бууруулж, эмчилгээний чанарыг сайжруулж амьдрах чадварыг нь нэмэгдүүлье гэсэн том санаачлага гарсан. Сүүлийн үед хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хүүхдүүдэд цусны болон нүдний тархины хавдар их илэрдэг. Шалтгаан тодорхой бус, урьдчилан сэргийлэх боломжгүй.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.