Видео: “Эмч ярьж байна”

2022-04-20 Эрүүл мэнд

Монгол Улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийн 185 орныг тэргүүлдэг. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд 312 дугаар байранд эрэмбэлэгдэж буй юм. Тэр дундаа харамсалтай нь хорт хавдраар оношлогдсон үе шатыг авч үзэхэд ихэнх нь 2 дугаар шатандаа орсон байдаг аж.  Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 55.2 хувь нь хожуу шатандаа буюу хүндэрсэн үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг болохыг эмч мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ.

Тэгвэл нийслэлийн дүүргүүдэд энэ төрлийн өвчний эрт илрүүлэгт эмэгтэйчүүд хэр идэвхтэй хамрагдаж буй талаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Одонцэцэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан нь бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах гол шалтгаан болдог. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар нь 20-иос доош насныханд тохиолдох нь ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. Тэр дундаа 30-60 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан маш эрсдэлтэй бүлэгт хамаардаг.

Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх, тамхи татах, жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уух зэрэг нь Умайн хүзүүний хорт хавдрын эх үндэс болдог.

Энэ өвчннөөс урьдчилан сэргийлэх эс бөгөөс эрт илрүүлэх бүрэн боломжтой. Манай улс 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2013 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийг эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн байдаг.

Энэ хүрээнд 30, 33, 36,39, 42, 45, 48, 51, 54, 57, 90 настай эмэгтэйчүүдийг эсийн шинжилгээнд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Өөрөөр хэлбэл, 3 жил тутам Өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх хуваарьтай. Харамсалтай нь урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт хангалтгүй байдаг.

Өрхийн эмнэлгээс харьяаллын дээрх насны эмэгтэйчүүд рүү урилга илгээх, утсаар ярих, цахим хуудсаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг мэддэг ч “Ажилтай байна”, “Хүүхдээ харж байна”, “Өөр газар явна”, “Энэ удаад амжихгүй нь” гэх байдлаар хойш тавьдаг.

Уг нь охид эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. Тэр дундаа 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй. Гэтэл дээрх олон шалтгааны улмаас үзлэгт хамрагддагүй.

Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршил ихтэй. Албан бүртгэлээр 22.000 хүн амтай гэдэг ч түр оршин суугчдыг оролцуулаад 27.000 орчим хүн амын бүртгэл бий.

2020 онд 1364 хүнийг эсийн шинжилгээнд хамруулахаас 384 буюу 28 хувь нь хамрагдсан. 2021 онд 163 болж буурсан үзүүлэлт бий. Энэ нь коронавирустэй холбоотой байх. Гэсэн ч хамрагдалт тун муу байдаг. Ингэснээр өвчин даамжирч, хавдар хожуу үедээ орсон хойно эмнэлэгт хандах нь элбэг” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, Анагаах ухааны доктор, магистр Г.Ням-Од дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хавдар судлалын үндэсний төвд өнгөрсөн жил 480 эмэгтэй умайн хүзүү хорт хавдраар оношлогдсон байдаг. Тэдний 250-300 нь хагалгаанд орсон бөгөөд олонх нь 25-30 насныхан. Хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа, тэр дундаа III шатанд орсон хойно эмнэлэгт ханддаг. Ер нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, эхний шатанд байгаа хүмүүсийг мэс ажилбараар эмчлэх боломжтой. Харин хожуу оношлогдож, хүндэрсэн нөхцөлд химийн болон туяа эмчилгээ хийхээс аргагүй байдаг.

Тухайлбал, эхний шатандаа оношлогдсон өвчитнүүдийн 66 хувь нь 5 дээш жил амьдардаг бол II шатандаа оношлогдсон иргэдийн 59.3 хувь, III шатандаа оношлогдсон иргэдийн 4-6 хувь нь 5 жил амьдардаг гэсэн статистик бий” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.