Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй байгууллагын нэрсийг ил болгоно гэв

2017-06-7 Парламент

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болжээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэхүү шалгалт нь Монголбанкны хараат бус байдалд халдсан, төв банкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Иймд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргаж байна” гэв. Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Энэ үеэр гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж лавласан юм. Үүнд нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахүй нэгж зөрчилтэй ажилласан байна” гэсэн тайлбарыг хийв.

С.Гэрэлсүх

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.