ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүсийг вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж буй. Ер нь вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
– Мэргэжлийн хүний хувьд коронавируст халдвар жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, олон улсын судалгааны үр дүнгүүдийг харж байгаа. Сүүлийн үед вакцины асуудал олны анхаарлын төвд байгаа учраас олон улсад хийгдэж буй судалгаа, удирдамжуудтай танилцсан.
КОВИД-19-ийн халдвар ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлэхгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй. Харин амьсгалын замын өвчлөл, хатгаатай холбоотойгоор дутуу төрөлт 30-35 хувь хүртэл байна гэж үзсэн.
Вакцин жирэмсэн ээж болон урагт хэрхэн нөлөөлөх талаар олон судалж л байгаа. Гэхдээ олон судалгааны үр дүнд эрсдэлтэй жирэмсэн ээжүүдэд вакцин хийх нь үр дүнтэй хэмээгээд байна. Учир нь энэ вакцин эх, урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш. Амьд вакцин гэдэг нь жирэмслэлтэд нөлөөлдөг. Тухайлбал, жирэмсэн ээжид улаанбурханы вакцин хийвэл жирэмслэлтийг таслан зогсоодог. Түрүүн хэлсэн коронавирус өөрөө жирэмслэлт болон урагт нөлөөлдөггүй вирус юм.
– Вакцины зааварт “жирэмсэн эмэгтэйд хийхийг зөвлөхгүй” гээд байгаа энэ нь вакцин хийлгэж болно гэсэн үг үү, үгүй гэсэн үг үү?
– КОВИД-19 халдварын эсрэг вакцинууд бол сулруулсан вакцин. Вакциныг өвчин үүсгэх чадваргүй болгож тодорхой аргаар боловсруулаад хийж байгаа. Хоёр хүний асуудал яригдаж байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд сулруулсан вакциныг хийхгүй байхыг зөвлөж, болгоомжтой хандаж байна.
Харин биотехнологиор гаргаж авсан буюу вирусийг хүний биед оруулахгүй байгаа Модерна, Файзер вакцинууд бол жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлгүй. Эдгээр вакциныг 1,000 гаруй жирэмсэн эмэгтэйд хийж судлахад ямар нэгэн өөрчлөлт илрээгүй гэж дүгнэсэн.
Миний хувьд маш олон судалгааны үр дүнг хараад аль ч вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхэд эрсдэлгүй гэж үзэж байна. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол айх аюулгүй. Дараагийн тунгаа хийлгэх үү эсвэл халдвар хамгааллын дэглэмээ сахиад өөрийгөө халдвараас хамгаалах уу гэдэг нь тухайн хүний сонголт.
Жирэмсэн байх хугацаандаа халдвар авсан ээжүүдэд судалгаа хийхэд урагт гаж нөлөө үзүүлэхгүй байгааг тогтоосон олон судалгааны үр дүн байна. Тэгэхээр тухайн вирусийг сулруулсан болон өөр технологиор гаргаж авсан вакцин хийлгэхэд аюулгүй.
– Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол вакцин хийлгэх үү?
– Энэ цар тахлын үед жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүс аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй. Учир нь үр тогтолт, өндгөн эс боловсрох болон жирэмслэлтэд вакцин ямар ч нөлөөгүй болох нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцин жирэмслэх асуудалд саад, эрсдэл болохгүй.
Иргэдийн дунд халдварын тархалт өндөр болоод байна. Манай улсад орж ирсэн дөрвөн төрлийн вакцин бүгд судлагдаж, шинжлэх ухаанаар батлагдсан вакцин гэдгийг хэлье. Энэ цар тахлыг даван туулах нэг арга бол вакцинжуулалт юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.