Б.ДОЛЖИНЖАВ
Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолдог юм байна. Монгол Улс 2017 онд 29467, 2018 онд 37136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав.
Манай улсын импортолсон машины ихэнхийг “Toyota Prius” загварын автомашин эзэлжээ. Тухайлбал, 2012-2016 онд гибрид автомашины импорт гурав дахин нэмэгдэж, 57 хүн тутамд нэг хуучин приус ногдож байсан юм. Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota” Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байна. Мөн Японоос импортолсон автомашинуудын талаас илүү хувь нь “Toyota Prius” байна гэсэн дүн гарчээ.
Монгол Улсын хуучин машины импорт өссөн шалтгаан нь Засгийн газар нь ийм төрлийн машинаас онцгой албан татвар болон агаарын бохирдлын татвар авдаггүйтэй холбоотой гэжээ. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна. Ийн Монгол Улс Японы хуучин машины хогийн цэг болсныг НҮБ баталж, дэлхий дахинд зарлалаа. Мөн Япондоо 7-8 жил унаад ашиглалтаас гарсан “хог”-ийг эх орондоо авчирч дахин хэдэн арван жил ашиглаж байгаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их хортой энэ асуудалд огт санаа тавихгүй байгаа талаар ч дээрх тайланд дурдсан байв.
Хуучин автомашин нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болоод байгаа юм. Үүнээс гадна дундаж орлоготой орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байна. Тодруулбал, хуучин автомашины улмаас жилд 58 сая хүн осолдож, 20-50 сая нь гэмтэж бэртжээ. Улмаар энэ нь 15-29 насны залуусын үхлийн шалтгааны наймдугаарт орж байгааг ДЭМБ баталсан байна. Мөн осолд орж тахир дутуу болсноос дэлхийд 70 сая хүн ядуусын эгнээ рүү шилжсэн гэсэн аймшигт дүн гарчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин