Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар төсөвтөө тодотгол хийгээд байсан. Улмаар тус сангийн захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт хуралдаж, манай улсын асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна. Энэ талаар сөрөг хүчний байр суурийг сонирхож, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цөөн хором хөөрөлдсөн юм.
-Та бүхэн ОУВС-тай холбоотой мэдээллийг сонсох хүсэлт гаргасан ч Сангийн сайд ирж амжаагүй гэсэн мэдээлэл байна. Ер нь тус сантай холбоотой ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-ОУВС Монголын асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр зүйлд заасан заалттай холбоотой гэж ойлгосон. Тус тогтоолд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголбанкаар дамжуулъя” гэсэн заалт байсан. Энэ нь 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагаж гарсан тогтоол. Ийм учраас эхлээд Сангийн сайдын мэдээллийг сонсъё гэж бодсон юм. Энэ тогтоол хэрэгжих ёстой. Тэр байтугай баяжмалаар гарч байгаа алтыг ч Монголдоо оруулж ирэх ёстой. Монголбанк алтаа авах ёстой. Тэгж байж валютын ханшийг тогтвортой хадгалж чадна шүү дээ.
-УИХ-ын 29 дүгээр тогтоолд тусгагдсан 11 дүгээр заалтыг танай нам эрх барьж байхдаа шийдэж болоогүй юм уу. Энэ тохиолдолд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй болж, валютын нөөцгүй болтлоо дордохгүй байсан гэх. Эрх барьж байхдаа энэ асуудлыг хөрөнгө оруулагч нарт тавьж үзсэн үү?
-Оюутолгойн гэрээг байгуулахдаа энэ нөхцөлийг хийсэн байсан. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг тэр үед хийсэн гэсэн үг. Харин бид энэ асуудлыг Засгийн эрх барьж байхдаа тавьж, мөнгөн урсгалыг нааш нь оруулж ирье, гэрээнд өөрчлөлт оруулъя гэдэг асуудлыг “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа тавьсан, МАН адилхан тавих ёстой. Монгол Улсын эрх ашиг гэж байдаг юм бол энэ гэрээний өөрчлөлт рүү явах ёстой. Энэ дээр аль ч нам нэгдмэл байр суурьтай байх ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон нөхцөлд эдийн засагт ямар боломж байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихгүй гэвэл бид өөрийн эрхээр зовно. Олон жилийн хуримтлагдсан өр нь биднийг дарамтад оруулж байгаа. Өрийн дарамтаа бууруулахын тулд бүсээ чангалаад төсвийн тодотголоо шударга хийх хэрэгтэй. Ялангуяа иргэдийн халаастай холбоотой хэрэглээний татвараас татгалзаж, төсвийнхөө зардлыг бууруулахад эрчимтэй ажиллах ёстой. Уул уурхайн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Үүнийгээ зөв ашиглах ёстой.
-Сөрөг хүчний төлөөллийн хувьд асуухад Монгол Улс үнэхээр гүн гүнзгий эдийн засгийн хямралд орсон уу?
-Миний тухайд эдийн засгийн өнөөгийн байдлыг хямралд орсон гэж үзэхгүй байна. Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд л байгаа. Төр нь шударга байгаад, олигтойхон бүсээ чангалж чадах юм бол ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гагцхүү гадны орны хараат байдалд битгий ороосой л гэж залбирч сууна. Улс төр, эдийн засаг хоёр нь тогтвортой байх юм бол найман хувийн зээл 6-5 хувь руу буурах бололцоотой. Энэ бол бидний хараат бус зээл. Олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгоно гэдэг Монгол Улсын өөрийнх нь бүрэн эрхт зээл учраас үүнд анхаарлаа хандуулах ёстой цаг нь хэдийнэ болжээ.
-АН-аас эхтэй эдийн засгийн хямрал одоо үргэлжилж байгаа гэдэг шүү дээ. Эхнээс нь танай намынхан бодлогогүй явчихсан юм биш үү?
-МАН-ынхан Ардчилсан намаар бүтэн жил “хоол” хийж явлаа.Тэд Ардчилсан намыг муулснаараа өөрсдийнх нь ажиллах боломж тийм сайжирсан юм уу.Ард түмний амьдрал дээрдсэн юм уу. 2016 оны сонгуулиар бүх зүйл дээр хаалт хийсэн.2016 он хүртэл Ардчилсан намын бодлогоор явсан бүх үйл ажиллагаа дуусч, 2016 оноос хойших нь эрх баригчдын үйл ажиллагаа.Бүтэн жил болоход тэд АН-ыг муулж, доромжилж, гүтгэж, хорьж, шийтгэж хооллолоо. Ингээд Монголын эдийн засаг сайжирсан юм уу. 2016-2020 он бол тэдний хариуцлага, амлалтаа үүрэх цаг хугацаа. Юу хийгээд байгаа юм бэ. Үүн дээр л ард түмэн хариулт нэхээд байна. Тэд сонгуульд орохдоо сайн сайхан болгоно гэж орсон юм байгаа биз дээ. Сонгуулийн амлалт чинь эдийн засгийн нөөц боломжийг тооцно гэсэн хуультай. Гэтэл одоо яахаараа бүх зүйлийг болохгүй байна гэж яриад байгаа юм бэ. Үүнд хэн үнэмших юм. Биднийг муу л гэлээ. Өөрсдийнх нь сайжруулж байгаа нь хаана байгаа юм бэ гэж ард түмэн асууж байна. Нэг юм хийхээрээ л Ардчилсан намын үед тэгсэн, ингэсэн гэж ярьдаг болсон. Сүүлдээ бүр эрх баригчид маань хувь хүний өмч рүү орж, хувь хүний эрх рүү халдаад эхэлсэн. Энэ Монголд чөлөөтэй үгээ хэлэх эрхгүй, чөлөөтэй өмчөө эдлэх эрхгүй, гудамжинд хүртэл хүн чөлөөтэй явах эрхгүй болж эхлэх нь. Бүхнийг хуулийн дарангуйллаар шийдэх гэсэн оролдлого.
Энэ 65, Засгийн газар, эрх баригчид л бүгдийг шийднэ гэсэн цөөнхийн дарангуйлал руу хүчээр яваад орчихлоо. Нөгөө коммнунизм руугаа алхаад эхэллээ гэсэн үг.Хүн бүр айдастай, үг хэлж, өмч эзэмшиж болдоггүй болох нь бараг. Сүүлийн үед том бизнесүүд бүр хөдлөхөө больсон. Аргагүй шүү дээ, юм хийх гэхээр нь хардана, цагдана, шалгана. Ингээд байхаар энэ Монголыг чинь яаж босгох юм.
-Ингэж яриад байхаар л АН-ын бүлэг бүхнийг харлуулж байна гэж шүүмжлээд байгаа юм биш үү?
-Ардчилсан намын бүлэг бүхнийг улдахын тулд яваагүй. Өнөөдрийн төрийн бодлого хаашаа явж байна вэ гэдгийг хатуу шүүмжилж байгаа юм. Үүнийг харин иргэддээ ойлгуулах нь бидний үүрэг. Хэн нэгэн нөхөр гарч ирээд загнахаар чимээгүй болдог нийгэм байж болохгүй. Тиймээс иргэний оролцоо чухал шүү гээд байхад хэдэн сайд дарга нар хууль боловсруулж гаргаад нийгэмд тулгадгаа болих хэрэгтэй.
Үүний хамгийн тод жишээ Зөрчлийн хууль дээр гарч байна.Жижиг зөрчил нийгэмд түгээмэл байдаг. Тэдгээр зөрчлийг арилгах нь хуулийн зорилго байхаас биш баривчилж, шийтгэхэд чиглэгдэх ёсгүй.
Шийтгэх шийтгэхдээ дааж давшгүй өндөр өртгөөр шийтгэх нь асуудлын гол биш. Энэ чинь иргэний эрхийн асуудал. Хоёр иргэний эрхийн хооронд үүссэн зөрчлийг хохиролгүй болгох харилцааны асуудал болохоос биш хуулийн дарангуйллаар зохицуулдаг юм биш.
-Ярилцсанд баярлалаа
О.Соёмбо