Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилгоор зохиож буй “Далай ээж” олон улсын эко соёлын аяны хүрээнд өнөөдөр “Усны эрх-хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Австралийн судлаач Грейг Мейсон, “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгий тэргүүн, доктор Ж.Оюумаа, Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын зөвлөлийн зөвлөх хорооны гишүүн, Монголын үндэсний хорооны ерөнхийлөгч Н.Уртнасан нар “Хүний эрхийн адил байгаль дэлхий ч өөрийн эрхтэй байдаг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Доктор Ж.Оюумаа болон Австралийн судлаач Грейг Мейсон нар дэлхийн цэнгэг усны нөөц бүхий Хөвсгөл нуур, түүний ойр орчмын нутаг дэвсгэр нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд өөрийн байршил, нөөц, онгон төрх байдлаар эерэгээр нөлөөлөх чухал газар гэдгийг дурдаж байв. Тиймээс Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, ингэсэн нөхцөлд манай нуурыг хамгаалах гадаад, дотоод хүчин зүйл бүрдэнэ гэдэгт хуралд оролцогчид санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
“Далай ээж” олон улсын эко соёлын аяны Монголын талын гол санаачлагч, зохион байгуулагч байгууллагын нэг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлэхдээ, “Монголчууд бид усаа чандмань эрдэнэ хэмээн үеийн үед дээдэлсээр ирсэн ард түмэн. Өнөөдөр энэ талаар хүмүүс ярьж, ойлгодог хэрнээ хэнэггүй хандсаар байна. Наадмын өмнө Хөвсгөл рүү чиглэсэн цуваа үүсэж байна. Бид аялал жуулчлал гэж их ярьдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль орчноо бодолцон, эко системийг хамгаалах талаар дорвитой юм хийсэнгүй” хэмээв.
Тэрээр Хөвсгөлтэй хүйн холбоотой байдаг Байгаль нуурыг ОХУ Дэлхийн өвд бүргүүлэн хамгаалж байхад бид далай ээжээ хамгаалахгүй байна гэдэг бидний урагшгүй байдалтай л холбоотой. Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд хүний эрхийн үндэсний байгууллага өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлийг хийнэ” гэдгээ мэдэгдлээ.
Хурлын талаар “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаагаас тодруулав. Тэрээр, “Хөвсгөл нуурын орчим сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлж байна гэдгээр газар олголт хавтгайрлаа. 1997 онд жуулчны гуравхан баазтай байсан нуурын орчим энэ оны байдлаар зөвшөөрөлтэй 117, зөвшөөрөлгүй олон бааз ажиллаж байна. Ингэснээр нуурын орчмын даац судалгаагаар тогтоосон хэмжээнээс хоёр дахин хэтэрч байна. Үүний улмаас өнөөдөр нуурын усны чанар муудаж, замагжиж, хаданд нь хаг сууж байна. Нуурын эрэг дагуух зам, автомашнаас үүсэж буй тоосноос болж нуурын мандал дээр их хэмжээний тоос буух зэргээс далай ээжээ яаралтай хамгаалахгүй бол манай улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулж буй Хөвсгөл нуур бохирдох аюулын харанга дэлдлээ. Төр, засгаас хөрөнгө гарга, нуурыг хамгаалах хууль батлах тусгайлсан бодлого явуулах хэрэгтэй байна.Нуурыг олон улсын хамгаалалтад яаралтай оруулах нь зүйтэй гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж ХЭҮК-тай хамтран энэхүү аяныг зохион, өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг хийж байна” гэв.
“Далай ээж” олон улсын эко соёлын аяны хүрээнд маргааш олон улсын хөгжмийн үдэш болж, долдугаар 10-нд аянд оролцогч гадаад, дотоодын зочид төлөөлөгчид Улаанбаатар-Булган-Эрдэнэт-Мөрөн-Хөвсгөл-Хатгал чиглэлээр орон нутагт ажиллах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.