“Эрдэнэс таван толгой” ХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар чиглэлээр хамтран ажиллах вэ Үр дүнг хэрхэн харж байна вэ?
-“Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллах санамж бичигт анх удаа гарын үсэг зурлаа. Санамж бичиг гурван том зорилтын хүрээнд явж байна. “Эрдэнэт үйлдвэр” бол 40 гаруй жилийн түүхтэй Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уурхай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн хөгжил, нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Бидэнд эндээс авах туршлага маш их хэрэгтэй байна. Манай уурхай байгуулагдаад 9 жил болж байгаа ч зөвхөн олборлолтынхоо шатанд явж байна. “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлээд 9 жилийн дараа 1,2 дугаар микр район ашиглалтад орчихсон, Эрдэнэтийн нэгдүгээр ээлж, Дулааны станц ашиглалтад орчихсон гээд бүтээн байгуулалтын тавны нэг нь хийгдсэн байсан. Гэтэл “Эрдэнэс таван толгой” хүлээгээд л байж байна.
Өнгөрсөн жил УИХ-ын 73-р тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК, дэргэдэх төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд, дэд бүтэц, төмөр зам, авто замаа хөдөлгөх чиглэл өгсөн. Олон улсын зах зээл IPО-гоо гаргаж 3-5 хүртэл тэрбум америк доллар босгож, хөрөнгө оруулалтуудаа яаравчлуулах эрхийг олгосон. Үүний дагуу чамгүй ажлууд хийгдэж байна. Инженер техникийн ажилтнууд солилцох, дахин боловсруулах, баяжуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг солилцож, санхүүгийн чиглэлийн ажилтнуудыг туршлага солилцуулах шаардлага байгаа. Уурхайчдын ажил амьдрал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудал маш чухал. Стратегийн ордод ажиллаж байгаа уурхайчдын нийгмийн асуудалд ямар бодлогоор хамтрах боломжтой вэ гэдгийг санамж бичиг тусгасан. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Дараагийн Эрдэнэт бол Эрдэнэс таван толгой, Өмнөговь аймагт 100 мянган хүн амтай хот босно. Энэ хотын бүтээн байгуулалт, үүнийг дагаад хүнд болон хөнгөн үйлдвэр, төмөр зам авто замыг дагаад жижиг дунд бизнес эрхлэх гээд 260 мянга орчим ажлын байрны асуудал яригдаж байгаа. Шууд болон шууд бус хэлбэрээр Сайншанд, Гашуунсухайт хүрэх гэх мэт. Дараагийн зууны томоохон бүтээн байгуулалтын эхлэл. Ингээд Эрдэнэтээс эхэлж байгаа нь давуу тал гэж харж байна.
-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн үйлдвэрлэлт, эдийн засгийн үзүүлэлт ямар байна?
-Есөн жилийн хугацаанд 2016 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. 2018 онд 807,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Сүүлийн хоёр жилд “ТОП 100” аж ахуй нэгжид “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа удаалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” 16 жил дараалан “Топ 100”-д тэргүүлсэн. Сүүлийн хоёр жилийн үзүүлэлт, цаашид хийх бүтээн байгуулалт, хөгжлийн том зорилтууд хэрэгжсэнээр Эрдэнэтийг дагаад дараагийн эдийн засгийн боломжийг олгосон компани бол “Эрдэнэс таван толгой” юм гэж төр засгийн зүгээс тусгайлан бодлого гаргаж ажиллаж байна.
-1072 хувьцааны талаар?
-“Эрдэнэс таван толгой” ХК Монголдоо төдийгүй Азидаа хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани. Монгол улсын Засгийн газар, аж ахуй нэгжүүд, 2.5 сая иргэн байдаг. 2.5 сая иргэн 1072 хувьцаа эзэмшдэг. Хувьцааны ногдол ашиг хамгийн чухал. Тухайн компани үйл ажиллагаа явуулаад ашиг олсон тохиолдолд ногдол ашиг өгөх үүрэг хүлээдэг. Ногдол ашиг олгох нь тухайн компанийн хөгжилтэй холбоотой. Компаниа өргөжүүлэх, бизнесийн харилцаагаа нэмэгдүүлэх, бусад салбарт оролцох, төсөл дэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд ногдол ашиг өгөхгүйгээр ногдол ашгийн зардлыг зарцуулж, оронд нь өөр хэлбэрээр хийе гэдэг дэлхийн харилцаа байдаг.
Засгийн газар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд 2018 оны ногдол ашгийг шийдвэрлэсэн. Таван толгойн Гашуунсухайт буюу төмөр замын хөрөнгө оруулалтад иргэдэд очих байсан 54 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгох нь зүйтэй юм гэж үзсэн. 1072 хувьцаатай нэг иргэнд 27 мянган төгрөг очихоор байсан. Нийт 2.5 сая иргэнийх 54 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгийг зарцуулснаар Таван толгойн төмөр зам, тэр компаниасаа давуу эрхийн хувьцаа авах хэлбэрээр иргэдтэй бизнесийн харилцаа үүсгэх чиглэл үүрэг өгсөн. 27 мянган төгрөг үү, хоёр хувьцаа юу гэдэгт Засаг болон 85 хувийг эзэмшигч шийдвэр гаргасан. Ингэснээр хоёр хувьцаагаар төмөр замын олборлолтын ногдол ашгаа давхар авч явах болов уу. Эдийн засгийн зөв хувилбарыг сонгосон Ерөнхий сайдын сонголт. Энэ хүрээнд судалгаа хийгээд ажиллаад явж байна. Засгийн газрын түвшинд шийдээд явж байна.
-2019 оны хувьцаа олгогдоод эхлэх үү?
-Цаашид компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. 2025 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хэмжээгээр бидэнд 3.7 тэрбум ам.доллар хэрэгтэй . Бид Нэг тэрбум ам. долларыг дотоод нөөц бололцоогоор санхүүжүүлэх боломжтой. Үлдсэн 2,7 тэрбум ам.долларт IPO босгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах шаардлагатай . Компани цэвэр ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигч үнэтэй үнэгүй яаж эзэмшихээс үл хамаарч ногдол ашгаа олгох нь үүрэг гэж би боддог.
-IPO босгох үйл ажиллагаа хэдэн оноос эхлэх вэ, урт удаан хугацаанд үргэлжлэх үү?
– IPO босгох талаар 365 хоногийн хугацаатай үүргийг бидэнд өгсөн. Энэ ажил хоёр үе шаттай явагдана. Эхнийх нь дотооддоо хэрэгжүүлэх процессыг хангах ёстой. Санхүүгийн балансдаа аудит хийх, олон улсын стандартын дагуу хөрвүүлэх юм. Дараагийнх нь нөөцийн асуудал. Үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх, олон улсын техникийн зөвлөхүүдээр баталгаажуулах. Мөн компаний засаглалын асуудал. Засаглалтай холбоотой дүрэм журам бүгдийг гаргаж, орчуулга хийж, дата рүүм үүсгэх асуудал байдаг. Монгол талын ажлын 87 хувийг хийсэн. Үүний дараа олон улсын брокерийн компаниуд дата өгөгдлийг компаниудад санал болгоно. Дотоодын үүргээ биелүүлсэн. Гадаад харилцаанд ямар компани гаргахыг Засгийн газраас асуух шаардлагатай байна. 365 хоногийн үүргээ компани зохих түвшинд гүйцэтгэсэн.
-Охин компани босгох шаардлага байгаа юу?
-Ер нь ордыг тэр чигээр нь IPO болгож гаргахгүй. Зарим хэсгийг нь гаргана гэж үзвэл охин компани байгуулж болно. Бидний бодсон хэмжээний хөрөнгө оруулалт босохгүй байх магадлалтай . Энэ шийдвэрийг Монгол улсын Засгийн газар бодлогын түвшинд яригдаад явж байна.
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.