Авлигын эсрэг өдрийг угтаж нэр бүхий хуульчдаас санаачлан “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, хуульч Б.Мэргэн, О.Алтангэрэл, Д.Сүнжид , Д.Миеэгомбо, судлаач Х.Номингэрэл болон салбарынхан оролцсон юм. Тэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Үр дүнд нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх зорилготой аж.
Б.Мэргэн: Хувь хүний амбиц нөлөөлж байна
Хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлээ “Авлига, ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох нь”, “Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлс”, “Хууль тогтоомжийг өөрчлөн бий болгосон гишүүдийн давуу байдал”, “Ёс зүйн хариуцлага хүлээлгэх боломж” гэсэн дөрвөн бүлэгт хуваасан байсан юм. Түүнчлэн өнөөгийн парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хориглох зүйлийг нэг бүрчлэн тусгасан онцлог байлаа. Тодруулбал, парламентын гишүүн албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй, албан тушаалын үүрэг хариуцлагатай нь харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй ямар ч хэлбэрийн хэлэлцээрт төрийн өмчийг хууль бусаар ашиглахгүй, өөрийн нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх, хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөх, албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийх гэхчлэн нэг бүрчлэн задалж хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлийнхээ үеэр “Өнөөгийн ч гэлтгүй өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан УИХ-ын гишүүн, төрийн албан тушаалтны нэр холбогдсон хэрэг их гарах болсон. Шалтгаан нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал. Дээр нь хувь хүний амбиц. Албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл болгосон гэхчлэнгээс үүдэлтэй” гэдгийг онцлон хэлсэн юм.
Д.Миеэгомбо: Урвуугаа харсан пирамид шиг харагдаж байна
Мөн энэ үеэр хуульч Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага” илтгэл тавив. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын ажилласан жилийг танилцуулсан юм. Өнгөрсөн хугацаанд тус газрын даргаар Д.Сандаг-Очир, Б.Билэгт, С.Баатаржав, Р.Чингис, Ө.Энхтөр нар ажиллаж байж. Ажилласан жилийн дундаж нь хоёр. Нэг нам гарахад нэг дарга гэсэн тогтолцоо давамгайлсныг гэрчилж байна гэдгийг тодотгов. Мөн бид шинэ түүхэнд юу бүтээв гэдгийг эрэлхийлэв. Түүнийхээр бид ““Монгол үндэстэн”, “Улс”, “Монгол хүн”, “Төр” бүтээжээ. Гэвч өнөөдөр Монгол үндэстний үзэл санаа, амин чанар гэхээр зүйл үлдсэнгүй, маш их бүдгэрсэн. Улсынх нь нэгдсэн зорилго, хөгжлийн стратеги, хөтөлбөргүй, ядуу буурай хэвээр. Монгол хүний эрүүл мэнд, хүмүүжил, боловсрол доройтож энэ бүхнээс цогцолж байдаг хувь хүний итгэл үнэмшил алга боллоо. Төрийн хуульт ёс, түүнийг хэрэгжүүлдэг алба байхгүй болжээ. Энэ нь урвуугаа гарсан пирамид шиг харагдаж байна” гэв. Хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж” илтгэл тавив. Тэрбээр илтгэлийн эхэнд “Захиргааны шийдвэрийн хэлбэрийг танилцуулсан юм. Өнөөдөр манай улсад захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ үйлчилж байгаа аж. Ингээд сүүлийн үед асуудал дагуулах болсон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жишээ татав. Тэрбээр “ЖДҮХС-НД 1031 төсөл ирснээс 498 төсөл нь шаардлага хангасан. Эдгээрт тус сангаас 134 төсөлд хөнгөлөлттэй зээл олгожээ. Уг нь төслийг сонгон шалгаруулах зарчим гэж бий. Тодруулбал, эхлээд зар тавина. Төсөл хүлээн авна. Сонгон шалгаруулна. Төслийн сонгон шалгаруулалтын үр дүнг нийтэд мэдээлнэ. Хамтын ажиллагаа эхэлсэнээр санхүүжилт орж ирдэг” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.