Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.03 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.
Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн хэлэцэх асуудлын жагсаалтад орсон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Мөн тэрбээр, “Монголбанкны удирдлагууд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлуулахын тулд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг лоббидож байна”гэв.
Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, “Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн 7 хоногт Монголбанкны удирдлагууд хүлээн авалт хийсэн тухай ташаа мэдээлэл өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд энэ бямба гарагт байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд байдаг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байсан юм” гэсэн тайлбар өглөө.
Мөн үеэр О.Баасанхүү гишүүн, “79 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Тиймээс хүүхэд хүчирхийлсэн этгээдэд оноох ялыг чангатгах хэрэгтэй. Энэ чиглэлд миний бие хуулийн төсөл боловсруулсан ч Засгийн газар саналаа өгөхгүй байна. Тиймээс Засгийн газар хуулийн төсөлд санал өгч, яаралтай дэгээр хэлэлцэх боломжтой юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсмоор байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад өр, төлбөр тооцооны асуудлыг нэн даруй шийдвэрлэх, холбогдох албаныхны мэдээллийг сонсох шаардлагатай” хэмээв.
УИХ-ын дарга М.Энхболд, “Ирэх долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсох болсон” гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа аж. Хяналт, шалгалтын ажил нууцын зэрэглэлтэй үргэлжилж байгаа тул УИХ-ын ажлын хэсэг хуулийн хүрээнд тодорхой хязгаарлалтай ажиллаж байгаа гэдгийг Я.Санжмятав гишүүн учирлав. Мөн УИХ-ын ажлын хэсгээс Ерөнхий сайд, АТГ-ын холбогдох албаныханд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт хийж, албан бичиг хүргүүлснээ дурьдлаа.
Ийнхүү чуулганаар Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 9 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНЫ Х/18-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААН
Posted by Парламент TV / Parliament TV / on Wednesday, October 17, 2018
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.