Малын хаягдал яс, тос, дайвар бүтээгдэхүүний боловсруулалтын асуудлаар зөвлөлдлөө

2018-06-25 Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын Хүнсний зөвлөлөөс “Малын яс, тос боловсруулж импортыг орлох, экспортыг дэмжих нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх кластерийг хөгжүүлэх боломж” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улс жилдээ 10 гаруй сая малын мах хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд ихэнх малын хаягдал хотод цуглардаг байна. Хотод биологийн гаралтай хаягдлыг зохицуулдаг, ашигладаг технологи байдаггүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замаа тодорхойлох зайлшгүй цаг үе ирээд байгаа юм.

Малын хаягдал яс, тос болон мах боловсруулахад их хэмжээгээр хаягдаж байгаа нөхөн сэргээгдэх үнэт түүхий эдийг ашиглан импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх боломжтой бүтээгдэхүүний кластерийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ач холбогдлын талаар төр, захиргааныхан болон эрдэмтэн, бизнесийн төлөөллүүд оролцож, салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Зөвлөгөөнд оролцогчид зөвлөмж гарган, Танхимын удирдлагад хүргүүлэхээр боллоо. Мөн олон талт оролцоот мэргэжлийн салбар зөвлөлийг байгуулан, Хотын захиргаатай хамтран хотын ойролцоох хаягдал яс, малын гаралтай түүхий эдийн хаягдлыг цэгцлэх, жишиг үйлдвэр барих асуудлаар ч ярилцах нь зүйтэй гэсэн саналд нэгдэв.

Мөн үеэр МҮХАҮТ-ын Хүнсний зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Л.Батнасан малын хаягдал яс тос, дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж боловсруулж ирсэн туршлага, өнөөгийн байдал, ирээдүйн зорилтын талаар илтгэл тавьсан юм.

Малын хаягдал түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн, саван, био дизель, ахуйн хэрэглээний бодисууд, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх гээд дурдаад байвал малаас гарах ашиг шим маш олон ач тустай. Тухайлбал, Фосфорын бордоог яснаас гарган авч, монголдоо үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь шавхагдашгүй нөөцөд ордог. Хөрсний үржил шим алдагдаж байгаа энэ цаг үед үр тарианыхаа гарцыг нэмэгдүүлэхэд үр тариа, хүнсний ногоонд чухал шаардлагатай. Фосфорын бордоог уул уурхайн фосфат чулуунаас гаргаж авдаг байна. Энэ нь шавхагдах нөөцөд ордог. Тиймээс аль болох шавхагдах нөөцөө ашиглах биш, бэлэн түүхий эдээ ашиглах, хэрэглээнд оруулах хэрэгтэй, мөн судалгааны ажлуудыг хийж, хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэгт оролцогчид санал нэгдэв.

Түүнчлэн гадаадаас маш их хэмжээгээр химийн синтетик бордоо оруулдаг, монголдоо энэ төрлийн бордооны хэрэгцээг хангах асар их бололцоо байгааг эрдэмтэд онцоллоо.

Шинжлэх Ухааны Академийн бүтцийн академийг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бурмаажав, эх орныхоо үнэт баялгаа ашиглах талаар бид зохион байгуулалтгүй явсаар ирсэн. Тиймээс эрдэмтэн хүний хувьд энэ асуудалд хөтөлбөр байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ хөтөлбөр гаргаад, түүнийгээ сайн хэрэгжүүлэх явдал чухал. Хамгийн эхэнд, дайвар болон хаягдал бүтээгдэхүүн нэр төрлөөрөө бөгөөд хэмжээний хувьд хэчнээн байдгийг судлаачид гаргах, эдгээр бүтээгдэхүүнийг ашиглах хэрэгцээ ямар байгаа, хэрэгцээг хангахын тулд хэчнээн үйлдвэр, цех ажиллах боломжтой гэсэн тооцоолол хэрэгтэй. Сайн тооцоолохгүй бол эрсдэлтэй байх магадлал өндөр” гэлээ.

Зөвлөгөөнд “Ногоон бизнес” зөвлөлийн гишүүн П.Цэндмаа, УМХЕГазрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтэс Мал эмнэлгийн улсын байцаагч Ч.Баярсанаа, Б.Золбоо, “Адра Монгол” байгууллагын мэргэжилтэн Б.Гантулга, ХААИС-АБСургуулийн доктор Л.Даваа, доктор Г.Солонго болон “Амт трейд” ХХК-ийн -захирал Амаахүү, “Дорнод импекс” ХХК-ийн захирал Б.Энх-Амгалан, “Энх бадрах групп” ХХК-ийн захирал Ц.Төрбадрах, “Фучер холдинг” ХХК-ийн захирал н.Түмэн-Өлзий, “Хүн Од” ХХК-ийн захирал Лхагва нар оролцов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.