Ц.Нямдорж “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо”

2017-04-5 Нийтлэл

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн дуулиан эрчээ аван улстөрчдийн оролцоо улам нэмэгдэх хандлагатай. Өнгөрсөн оноос зөвхөн энэ хэргийн үнэн зөвийг бичин шуугих хэвлэл мэдээллийн хэрэгсэл, учир мэдэх хүмүүсийн хэлж ярьсныг тоймлон чухлыг онцольё.

1998 онд Эрдэнэт үйлдвэрт аудитын шалгалт оруулсанаар Ш.Отгонбилэг, түүнийг тойрсон асуудлууд эхэлсэн түүхтэй гэдэг. Монгол Улсыг тэжээдэг ганц саалийн үнээ хэмээн энэ үйлдвэрийг тодотгодог ч үндсэндээ засгийн эрх барих улстөрч, хэдэн монополуудын мөнгө угаах гол хэрэгсэл болж байсныг бүгд мэднэ. Ийм ч учраас дан ганцаар ноёрхон цөлмөх эл явдлыг битүүхэн мэдэх тухайн үеийн Засгийн эрхийг барих Ардчилсан нам Эрдэнэт үйлдвэрийн үйл хэрэгт гар дүрснээр С.Зориг амиа алдсан гэж үздэг. Үүнийгээ ч тэд нуулгүй “Ерөнхий сайд томилох маргаан дунд С.Зориг үхсэн хэмээн” одоогийн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий сайдад долоон удаа нэр нь дэвшээд буцаагдсан Да.Ганболд нар ярьдаг. Тиймдээ ч хүний амь үрэгдсэн энэ хэргийг хуулийнхан гурван үед хуваан мөрдөж байгаагаа олон нийтэд ил болголоо.

Эхний ээлжинд та бидний мэдсэнээр С.Зоригийг хөнөөсөн алуучид нотлох баримтаар баригдаж хоёр ч шатны шүүхээс ял сонссон. Нэг ёсондоо гүйцэтгэгчид ил боллоо гэсэн үг. Одоо захиалагч хэн байв гэх эргэлзээнд орох үед улстөрчдийн ам дуугүй байсангүй. Хамгийн ихээр эл хэрэгт санаа тавин бачимдаж, мэдэгдэл гаргасан хүн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Үндэсний олон нийтийн телевизээр хэрэгтнүүд хэргээ хүлээж байгаа бичлэг тарсны дараа тэрбээр алуурчдын хоорондоо бичсэн мессежүүдийг ил болгочихоод “Энэ хүмүүс ямар ч буруугүй” хэмээсэн нь үг үйлдэл хоёроо зөрүүлээд ярьчихсан мэт санагдав. Өөрөө хуулийн хүн. Мөрдөн байцаах ажиллагаа хэрхэн явагддагийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд юу гэж заасныг хамгийн ихээр мэддэг хэрнээ “Буруу хүнээ яллаад байна” гэж жинхэнэ алуурчныг мэддэг хүн шиг тайлбар хийчихэв. Магадгүй тэрбээр энэ бүх жилүүдийн хугацаанд энэ хэрэгт оролцсон бүхнийг мэддэг байсан бол өдийг хүртэл чимээгүй явсны учрыг асуух юмсан.  Ядаж л хэрэгтнүүдийг барьж хориод хэргийг нь нотлон анхан шатны шүүхээс ял авч байхад нь ганц дугарчихгүй яав. Эсвэл тэрбээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойхдоо барьж авсан сэдэв нь энэ байв уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бараг л халз үзэн Эрдэнэтийн 51 хувийг өөрийн талд шийдүүлсэн түүний дотор ямар бодол байна вэ. Магадгүй жилийн өмнө 25 дугаар суваг телевизэд өгч байсан ярилцлага шигээ Эрдэнэт үйлдвэрт шалгалт оруулах шаардлагатайг ч хэлээд байж мэднэ. Гэхдээ алуурчдын хоорондоо бичилцсэн мессежийг ил болгож өөрт ашигтайгаар хүний эрх ярьж олныг татсан ч цаад утгаараа үнэхээр алуурчид хоорондоо муудалцан мессеж хүртэл бичиж байсныг нотолчихлоо. Түүний ил болгосон баримтыг Содномдаржаа, Чимгээ нар байцаалтын явцад хуулийнханд өгсөн гэдэг. Харин Ц.Нямдорж түмэнд түгээхдээ зөвхөн Амгаланбаатарын бичсэнийг түүж баримт болгон дэлгэсэн нь ёстой л “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо” гэгч болов.  Тэрбээр хэрэгтнүүдийн талд, ар гэрийнхнийх нь өмгөөлөгч мэт аяглаж байгаа нь ямар учиртайг мэдэхгүй ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар хэрэгт хавсрагдсан нотлох баримтуудыг дэлгэсэн болохоор Ц.Нямдорж түүнийг буруутан болгож харагдуулах гэж хичээхдээ салбарынхныгаа бүхэлд нь буруу ажиллаж, улстөрчдийн үгээр шийдвэр гаргадаг мэтээр харуулсан нь эцэстээ юунд хүргэхийг хэн мэдэх вэ.

Б.Жамц

Ц.Амгаланбаатарын Т.Чимгээд бичсэн мессеж

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаад бичсэн мессеж

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.